Хилс хэргээр 30 жил хоригдсон эр суллагдсанаасаа хойш удалгүй нас баржээ

АНУ-д нэгэн эр хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд 30 жил хоригдож, улмаар хэргийн үнэн мөн нь тогтоогдож суллагдсанаасаа хойш таван сарын дараа нас баржээ. Энэ талаар Daily Mirror сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Клод Фрэнсис Гаррет 1993 онд найз бүсгүй Лори Ли Лансыг гэрийг нь шатааж хөнөөсөн хэрэгт 35 настайдаа буруутгагдаж, олон жилийн ял авчээ. Лансыг нас барсан тэр өдөр тэдний байранд гал гарсан аж. Гаррет сэрж, гал гарч байгааг хараад хайртай бүсгүйгээ сэрээсэн гэнэ. Улмаар хайртай бүсгүйгээ гэрийн урд хаалгаар авч гарах гэсэн ч бүсгүй цочирдож, хойд хаалга руу гүйсэн байна. Ингээд бүсгүй галаас гарч чадалгүй, амиа алджээ.
Энэ хэргийг шүүх явцад алдаа гарсан нь 30 жилийн дараа л тодорхой болсон байна. Ингээд гэм зэмгүй ч олон жил шоронд хоригдсон 65 настай Клод Фрэнсис Гарреттийг 2022 оны тавдугаар сард суллажээ. Харин өнгөрсөн сарын 30-нд буюу суллагдсанаасаа хойш ердөө таван сарын дараа Гарретт нас барсан байна.
"Энэ бол үнэхээр сэтгэл өвтгөм, туйлын шударга бус хэрэг. Колод хийгээгүй хэргийнхээ төлөө 30 жилийн туршид торны цаана суусан. Тэр бууж өгөлгүй тэмцсээр байсан" гэж сэтгүүлч Лилиана Сегура бичжээ.
Түүний өгүүлснээр, Клод Гарретт эрх чөлөөтэй байсан цөөхөн хэдэн сарын хугацаанд охин болон ачтайгаа цагийг өнгөрүүлсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ