Монголын сагсчид Дэлхийн элсний наадамд оролцохоор боллоо

Дэлхийн элсний наадам ирэх 2023 оны наймдугаар сарын 5-12-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд болно. Тус наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудыг зохион байгуулагчид зарлалаа. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 нийт 32 баг өрсөлдөнө.
Арваннэгдүгээр сарын 1-нд гарсан дэлхийн чансаагаар тивдээ эхний дөрвөн байрт бичигдсэн багууд (Ази тивийн хувьд эхний гурав) наадамд шууд оролцох эрхтэй болсон байна. Тивийн чансааны нэг болон гуравдугаар байрт бичигдэж буй Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид уг журмын дагуу наадамд оролцох эрхтэй боллоо.
Эрэгтэйчүүдийн тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, АНУ, Чили, Доминикан, Пуэрто-Рико, Египет, Бенин, Тунис, Кени, Литва, Франц, Польш, Израиль болон зохион байгуулагч Индонезийн шигшээ наадамд өрсөлдөх болзлоо хангаад байна.
Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд БНХАУ, Япон, Монгол, АНУ, Венесуэл, Чили, Доминикан, Египет, Тунис, Кени, Уганда, Франц, Герман, Нидерланд, Литва болон зохион байгуулагч Индонезийн шигшээ өрсөлдөхөөр боллоо.
Катарын Доха хотод 2019 онд болсон элсний наадмаас 3х3 сагсны эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртэж байсан юм.
Ирэх жилийн наадамд манай улс 3х3 сагсан бөмбөгөөс гадна элсний бөх, элсний волейболын төрлөөр эрхээ аван оролцох боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ