Хятадын эрдэмтэд сансрын станц дээр сармагчингуудыг эвцэлдүүлэх туршилт хийнэ

Хятадын эрдэмтэд болон сансрын нисэгчид шинэ сансрын станц дээр сармагчингуудыг ашиглан нөхөн үржихүйн туршилт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Хоёр сармагчныг "Тяньнгун" станц дээр эвцэлдүүлэх зорилгоор аваачиж, жингүйдлийн нөхцөл дэх амьтдын зан байдлыг ажиглахаар төлөвлөж байгаа талаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Жижиг амьтдыг судалсны дараа "хулгана, сармагчин зэрэг амьтад дээр туршилт хийн, тэд сансарт хэрхэн өсөж эсвэл үржиж байгааг судална" хэмээн төслийн багийн тэргүүн Бээжин дэх Хятадын шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан Жан Лу өгүүлжээ.
Цинхуа их сургуулийн Анагаах ухааны факультетын профессор Кехкуи Кигийн өгүүлснээр, улс орнууд сар эсвэл ангараг гарагийн тойрсон тойрог замд урт хугацаагаар хүн суурьшуулах талаар төлөвлөж байгаа энэ үед ийм туршилтууд нэн чухал гэнэ. Ийм туршилт хийснээр хүмүүс сансарт өсөж үржих боломжтой эсэхийг тогтоох аж.
Энэ асуудлыг эрдэмтэд олон жилийн турш эргэцүүлсээр ирсэн юм. Тэр бүү хэл 1992 онд Олон улсын сансрын станц руу гэр бүлийн хос болох Жен Дэвис, Марк Ли нарыг хамтад нь илгээж байв. Гэхдээ өнөө хэр нь хэн ч хэзээ ч сансарт хурьцал үйлдээгүй гэж НАСА мэдэгддэг.
Ноттингемийн их сургуулийн нөхөн үржихүйн физиологийн профессор Адам Уоткинсын өгүүлснээр, жингүйдлийн нөхцөлд бэлгийн харьцаанд орох нь тун төвөгтэй гэнэ. Учир нь жингүйдсэн үед хүмүүс нэг нэгэнтэйгээ ойр тогтож чадахгүй, мөн сансрын нисэгчдийн цусны даралт буурдаг тул сэрэл мэдрэмж өдөөгдөх нь дэлхий дээр байдаг үеийнхээс асуудалтай байдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ