Твиттерээс зугтсан хэрэглэгчдийн сонгож буй Мастодон гэж юу вэ

Америкийн тэрбумтан Илон Маск Твиттер олон нийтийн сүлжээг худалдан авснаас хойш өөрчлөлт хийж эхэлсэн бөгөөд цаашид ч олон өөрчлөлт хийхээр зэхэж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Твиттерийг "мөнгөний машин" болгон хувиргах Маскаас Твиттер хэрэглэгчид зугтаж, өөр олон нийтийн сүлжээ хайж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн хэдэн өдөр Твиттерээс олон мянган хэрэглэгч гарч, Мastodon хэмээх сүлжээг сонгох болсон гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, өөр сүлжээ хайсан хэрэглэгчдийн хувьд хамгийн алдартай нь Mastodon гэх олон нийтийн сүлжээ болсон бөгөөд Mastodon одоогоор 655 мянган хэрэглэгчтэй, үүний 230 гаруй нь сүүлийн долоо хоногт нэгджээ.
Mastodon байгуулагдаад зургаан жил болж байгаа, гэвч өнөөгийнх шиг идэвхтэй үе тохиож байгаагүй гэнэ. Зарим мэдээллээр, компанийн техникийн ажилтнууд хэрэглэгчдийн энэ их урсгалыг арай ядан давж байгаа гэх бөгөөд олон нийтийн сүжлээний техникийн боломжуудыг шийдэх тал дээр шуурхай ажиллаж байгаа аж. Тухайлбал, сүүлийн 24 цагт 6000 гаруй хүн нэгдэж, ачаалал эрс нэмэгдсэн тул Британийн MastodonApp.Uk апликейшн боловсруулагчид шинэ аккаунтуудыг бүртгэхээ түр зогсоожээ.
Mastodon хэрхэн ажилладаг вэ
Энэхүү үнэ төлбөргүй олон нийтийн сүлжээг Германы иргэн Евгений Рочко боловсруулсан бөгөөд одоо ерөнхий захирлаар нь ажиллаж байна. Мастодоны үндсэн функцүүд нь Твиттерийнхтэй адил, зурвас бичиж, хариу өгч, лайк дарж, нэг нэгнээ дагаж болдог.
Энэ сүлжээнд нэгдсэн хэрэглэгч өөрт тохирсон серверийг сонгох ёстой. Газарзүйн байршил болон сонирхлоор гээд маш олон сонголт бий. Тухайлбал, дурын нэг хотыг сонгож, технологи, тоглоом, нийгмийн сэдэв гээд өөр олон төрлөөс сонгох боломжтой аж. Ингэснээр эхний үед аккаунт хязгаарлагдмал хүрээлэлд бүртгэгдэж, энэ хүрээллийн постууд хэрэглэгчийн мэдэгдэл хэсэгт хамгийн түрүүнд гарч ирдэг ч яваандаа бүхий л хэрэглэгчид нэг нэгнээ харж, харилцах боломжтой гэнэ. Бусад олон нийтийн сүлжээнээс ялгаатай нь Мастодонд сурталчилгаа гарч ирдэггүй аж.
Мастодон нь цорын ганц тавцан биш харин төрөл бүрийн серверүүдийг холбодог хамтын сүлжээ гэнэ. Тиймээс, Твиттер, Инстаграм, Фейсбүүкээс ялгаатай нь Мастодон нэг хүн эсвэл нэг компанид харьяалагддаггүй, сервер бүр нь эзэмшигчтэй байдаг аж. Чухамхүү энэ байдал нь чөлөөт сүлжээг эхэмлэдэг олон хэрэглэгчийг татаж байгаа юм. Ийм сүлжээг нэг хүний хүслээр удирдах боломжгүй, түүнчлэн зарах эсвэл худалдаж авах боломжгүй аж.
Гэхдээ хэрэглэгч бүртгэгдсэн серверийнхээ эзнээс ихээхэн хамаарна. Серверийн эзэн хэрэглэгчийн аккаунтыг хаахаар шийдвэр хэрэглэгч бүртгэлээ алдана гэсэн үг. Олон нийтийн сүлжээний дүрмээр, хэрэглэгчийн бүртгэлийг хаахаар болсон талаар серверийн эзэн гурван сарын өмнө мэдэгдэх ёстой бөгөөд ингэснээр хэрэглэгч өөр серверт дахин бүртгүүлэх боломжтой болох юм байна.
Энэ олон нийтийн сүлжээний гол асуудал нь контентын агуулгад тавигдах төвлөрсөн удирдлага гэж байдаггүй гэнэ. Мастодон сүлжээн дэх сервер бүрт өөрсдийн дүрэм байх бол заримд нь огт байдаггүй. Үзэн ядалт агуулсан, эсвэл хууль бус агуулгатай контент гэж эзэмшигчид үзсэн бол үүнийг блоклох боломжтой. Мөн постны агуулгын талаар серверийн эзэнд гомдол гаргах боломжтой, улмаар эзэн энэ постыг устгах эрхтэй ч бусад сервер дээр тухайн маргаантай пост харагдсаар байдаг гэнэ. Чухамхүү энэ тохируулга нь цаашид олон нийтийн сүлжээ хүрээгээ тэлэхийн хэрээр ихээхэн асуудал дагуулна гэж шинжээчид үзэж байна. Одоо ч Мастодон дээр арьс өнгөөр ялгаварласан, ижил хүйстнүүдийг үзэн ядсан утга бүхий постууд орж байгаа талаарх гомдол тасрахгүй байгаа бөгөөд ийм постуудыг бүх сервер дээр устгах боломжгүй нь ихээхэн ярвигтай.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ