Зеленский Оростой хэлэлцээ эхлүүлэх нөхцөлийг нэрлэв

Украиныг тойрсон сөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрийн явцыг талууд эхлүүлэхийн тулд Оросын эрх баригчид таван нөхцөлийг биелүүлэх ёстой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Зеленский өдөр тутам хийдэг мэдэгдэлдээ ОХУ бүх дэлхийг тогтворгүй байдалд оруулж байна хэмээн онцолсон байна. Оросыг Украин дахь байлдааны ажиллагаагаа зогсоож, хэлэлцээрт түлхэх шаардлагатай байгаа гэж Зеленский мэдэгджээ.
Орос, Украины хоорондын хэлэлцээг эхлүүлэхийн тулд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, НҮБ-ын Дүрмийг хүндэтгэх, байлдааны ажиллагаанаас үүдэлтэй хохирлыг бүрэн нөхөн төлөх, бүхий л цэргийн гэмт хэрэгтнийг шийтгэх, түүнчлэн ОХУ Украинтай дахин цэргийн сөргөлдөөн үүсгэхгүй гэсэн баталгаа өгөх гэсэн нөхцөлүүдийг биелүүлэх ёстой гэж Зеленский мэдэгдээд "эдгээр нөхцөлүүд нь туйлын тодорхой" хэмээн онцолжээ.
Өмнө нь тэрбээр энэ төрлийн мэдэгдэлдээ "нутаг дэвсгэрийн бүрэн байдал" гэсэн утгад 1991 оны хил хязгаараар нутгийг сэргээх, мөн Крымийг буцаах талаар онцолдог байсан бол энэ удаад хил хязгаар болон Крымийг буцаах талаар тодруулсангүй.
Зогсонги байдалд орсон хоёр орны хэлэлцээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа дайрснаас хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч хоёр талын анхны хэлэлцээ эхлэж байлаа. Улмаар талууд гуравдугаар сарын дунд үе хүртэл шат дараатай хэлцэл хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Мөн дайн эхлээд удаагүй байхад Зеленский гагцхүү Путинтэй шууд хэлэлцээ хийсэн нөхцөлд өнөөгийн сөргөлдөөн дуусах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Энэ хугацаанд Путин, Зеленский нар уулзах боломжтой гэсэн мэдээлэл гарч байсан ч аль аль тал болзол тавин, өнөөг хүртэл хоёр орны тэргүүн хэлэлцээрийн ширээний ард суугаагүй л байна.
Харин 10 дугаар сарын сүүлээр Путин хэлэлцээрт бэлэн байгаа гэж Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Умару Сисоку Эмбало Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Зеленскийтэй уулзах үеэрээ мэдэгдэж байв. Тэрбээр Путиний илгээлтийг Зеленскийд хүргэж байгаа, Оросын Ерөнхийлөгч Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч 10 дугаар сарын 26-нд гарсан энэ мэдээллийн дараахан Оросын тал "Гвиней-Бисаугийн Ерөнхийлөгчөөр илгээлт дайгаагүй" хэмээн мэдэгдсэн юм.
Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийсний дараа Украины тал хэлэлцээ эхлүүлэхээс өмнө хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх шаардлагатай гэж мэдэгдэж байлаа. Нэн тэргүүнд Украины дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох, Хар тэнгис дэх Украины боомтуудыг нээх, цөмийн зэвсэглэлээр сүрдүүлэхээ зогсоохыг Орост хандан уриалсан юм.
"Ямар нэг яриа хэлэлцээрийн талаар зарчмын хувьд ярих гэж байгаа бол нэг орон нь нөгөөгөө, түүний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, улсын хилийг хүндлэх ёстой. Одоогоор ийм зүйл огт алга" хэмээн Владимир Зеленский мэдэгдэж байсан.
Эргэн сануулахад, ОХУ Украины нутаг руу түрэмгийлсний дараахан хоёр орон энхийн хэлэлцээг эхлүүлсэн. Ээлжит хэлэлцээ Туркийн зуучлалтайгаар Турк улсад болсон ч дөрөвдүгээр сараас эхлэн энэ хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Үүний дараа Украины эрх баригчид Оростой хэлэлцээгээ сэргээхээс татгалзаж, гагцхүү өнөөгийн дайнд ялах нь хэдэн жилийн дараа дахин түрэмгийлэлд өртөхөөс хамгаалж чадна гэж мэдэгдэж байлаа.
Ингээд есдүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр Орос улс Украины өмнөд болон дорнод хэсэг дэх хяналтдаа оруулсан нутаг дэвсгэрүүдэд олон нийтийн санал асуулга явуулж, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах шийдвэр гаргасан юм. Үүний дараа Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхэд бэлэн, "гэхдээ өнөөгийн биш, өөр ерөнхийлөгчтэй хэлэлцэнэ" гэж мэдэгдэж байлаа. Ийнхүү мэдэгдсэнээсээ хэд хоногийн дараа тэрбээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх болможгүй" тухай зарлигт гарын үсэг зурж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ