АНУ-ын завсрын сонгууль өнөөдөр эхэлнэ

img

АНУ-д 11 дүгээр сарын наймны өдөр Конгрессын сонгуулийн санал авах өдөр эхлэх бөгөөд үүний зэрэгцээ хэд хэдэн мужид захирагч, орон нутгийн хууль тогтоох хурлын төлөөлөгчдийг сонгох юм.

 

Энэ сонгуулиар АНУ-ын Конгрессын доод танхим болох 435 суудалтай Төлөөлөгчдийн танхимыг болон сенатын гишүүдийн гуравны нэгийг сонгох аж. Мөн 36 муж, Гуам, Хойд Марианы арлууд, Америкийн Самоа гэсэн гурван нутагт захирагчийг сонгох юм байна.

 

Олон улсын хэвлэлүүдийн онцол байгаагаар, энэ сонгууль нь Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены үйл ажиллагаанд америкчууд дүн тавих сонгууль, түүнчлэн 2024 онд төрийн тэргүүнийг сонгохоос өмнөх олон нийтийн чиг хандлагыг тааварлаж болох гол үзүүлэлт болох аж. Энэ сонгууль нь ерөнхийлөгчийн үүрэгт хугацааны дундуур явагддаг тул завсрын сонгууль гэж нэрлэгддэг юм байна.

 

Саяхан АНУ-д явуулсан судалгаагаар, Сенатад олонх болох боломж ардчилагчид болон бүгд найрамдахчуудад тэнцүү байгаа нь харагджээ. Сонгуулийн эхний дүнг орон нутгийн цагаар 11 дүгээр сарын наймны 19:00-20:00 цаг (shuud.mn: Улаанбаатарын цагаар 08:00-09:00 цаг)-т зарлах юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ