Бусдад тохуурхагдаж байсан хөгжлийн бэрхшээлтэй бүсгүй модель болжээ

img

Хөгжлийн бэрхшээлтэй, африк бүсгүй Зизифо Солдат багаасаа л бусдад тохуурхагдаж ирсэн ч энэ бүхнийг даван туул модель болсон талаар  Daily Star сонин мэдээлжээ. 

 

ӨАБНУ-ын Йоханнесбург хотын уугуул Зизифо фокамелийн синдром гэх ховор удамшлын өвчинтэй төржээ. Энэ өвчинтэй хүний үе мөчний хөгжил саатдаг аж. Ингээд Зизифо охины гар болон хөлд эмгэг өөрчлөлт гарч эхэлсэн бөгөөд цаашлаад өсөлт нь зогсож, намхан нуруутай болжээ.Охиныг зургаан настай байхад нь сургуульд оруулсан ч түүний гадаад төрхөөс болж сурагчид ялгаварлан гадуурхдаг байсан гэнэ. 

 

"Байнга л доромжлуулдаг байсан. Хүүхдүүд амандаа орсноо л ярих эрхтэй гэж боддог байсан даа. Найз нөхөдтэй болох гэж олон жил болсон, үүнээс өмнө шөнө бүр л уйлдаг байлаа" хэмээн Зизифо ярьжээ. 

Тэрбээр 2018 онд гэрэл зургуудаа интернетэд тавьж, бусад хэрэглэгчдээс дэмжлэг авч эхэлсэн тэр үеэс нөхцөл байдал өөрчлөгджээ.

 

"Миний хүүхэд нас хүндхэн өнгөрсөн. Хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод юунд ч хүрч чадахгүй гэж боддог байлаа. Олон нийтийн сүлжээ ашигладаг болоод, хөгжлийн бэрхшээлтэй бусад хүмүүс бусдын адилаар амьдарч байгааг хараад үзэл бодлоо өөрчилж эхэлсэн" хэмээн Зизифо ярьжээ.

 

Улмаар Зизифо хотынхоо хоёр моделийн агентлагтай гэрээ хийсэн бөгөөд одоо эдгээр агентлагт загвар өмсөгч хийж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ