Эрдэмтэд саажилтын эмчилгээг түргэсгэдэг мэдрэлийн эсүүдийг илрүүлжээ

Европын нейрофизиологчид цахилгаан өдөөлтийн үед гэмтсэн нугасны доторх холбоосуудыг сэргээх явцыг хариуцдаг, өмнө нь мэдэгдэж байгаагүй мэдрэлийн эсүүдийг илрүүлжээ. Энэ нээлт нь саажилтыг илүү үр дүнтэй, хурдтай эмчлэх аргыг боловсруулахад тусална гэж Лозаннын Холбооны политехникийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Эрдэмтдийн мэдэгдсэнээр, тэд гэмтсэн нуруу нугасны гурван хэмжээст молекул картыг анх удаа бүтээсэн нь нугас сэргээгдэх явцыг нарийвчлан ажиглах боломжийг олгосон байна.
"Ажиглалтаар, Vsx2 ангиллын нейронууд нуруу нугас нөхөн сэргээгдэх явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг нь тогтоогдсон" хэмээн профессор Грегуар Куртен мэдэгджээ.
Нуруу нугасны гэмтлээс болж бүрэн эсвэл хэсэгчлэн саажих тохиолдол олонтаа гардаг. Энэ төрлийн саажилтыг эмчлэх хэд хэдэн аргыг өдгөө молекул биологчид болон нейрофизиологчид боловсруулж байгаа аж.
Профессор Куртен болон түүний багийнхан цахилгаан өдөөлт болон өвчтөний биед бэхлэх тусгай "экзо араг яс"-ны тусламжтайгаар нугасны ажиллагааг сэргээх арга боловсруулж байгаа юм байна. Энэ аргыг харх болон гэмтлийн улмаас саажиж, явж чаддаггүй болсон сайн дурын гурван хүн дээр амжилттай туршжээ. Туршилтын явцад харх болон туршилтад оролцсон сайн дурын гурван хүний хөдөлгөөн сэргэсэн байна.
Туршилтын үр дүнгээс харахад Vsx2 эсүүд нь нугасны гэмтсэн сегментүүдийн хоорондын холбоог нөхөн сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нь тогтоогдсон гэж эрдэмтэд онцолжээ. Цаашлаад эдгээр эсүүдийг нарийвчлан судалснаар мэргэжилтнүүд саажилтыг эмчлэх илүү үр дүнтэй арга боловсруулах боломж гарах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ