Иранд эсэргүүцлийн жагсаал дахин сэргэлээ

Есдүгээр сард эхэлж, улс орон даяар үймээн самуун болон өрнөж байсан эсэргүүцлийн жагсаал Иранд дахин эхэлжээ. Энэ талаар Туркийн АА агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, иранчууд Исфахан хотод эсэргүүцэлд нэгдэж, "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө!" хэмээн хашгиралдаж байсан гэнэ. Тегеранд жагсагчид зам хаасан бөгөөд Мешхед, Решт, Махабад, Шахрекурд, Шираз зэрэг хотуудад ч эсэргүүцэл дэгдсэн байна.
Тегераны их сургуулийн оюутнуудын мэдээлснээр, эсэргүүцэлд нэгдсэн оюутнуудыг баривчилсан, заримыг нь хичээлд нь суулгахгүй байгаа гэнэ. Энэ жагсаалд Тебризийн урлагийн их сургууль, Хойд Хорасаны Анагаах ухааны их сургуулийн оюутнууд ч нэгдсэн байна.
Эргэн сануулахад, Иран даяарх эсэргүүцлийн хөдөлгөөн 22 настай Махса Амини бүсгүйн үхлээс үүдэлтэй юм. Есдүгээр сарын 13-ны өдөр Махса Амини бүсгүйг "хижабаа буруу өмссөн" хэмээн цагдаагийнхан саатуулж, улмаар цагдаагийн хэлтэс дээр байх үед нь бие нь муудсан түүнийг эмнэлэгт хүргэсэн ч Амини нас барсан. Энэ нь цагдаагийнхан түүнд хүч хэрэглэснээс үүдэлтэй гэж үзсэн оршин суугчид эсэргүүцлийн жагсаалд нэгдэж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө эхлүүлсэн энэ жагсаал орон даяарх эсэргүүцэл, үймээн самуун болон үргэлжилсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ