Блүмберг: Хятадад уйгуруудыг аппликейшнээр дамжуулан тагнадаг

img

БНХАУ-ын эрх баригчид үндэсний цөөнхүүдээ хавчиж, мөрдөж мөшгин, хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг талаарх мэдээлэл олон жилийн турш гарсаар байгаа ч Хятадын тал үүнийг эрс эсэргүүцдэг юм. Гэсэн ч Хятад дахь хүний эрхтэй холбоотой баримтууд ээлж дараалан гарч, энэ бүхэн нь Бээжингийн олимпыг дэлхийн орнууд бойкотлох шалтгаан болж байв. Үндэсний цөөнхүүд, тэр дундаа уйгуруудыг мөрдөж, хянадаг гэх баримт дахин дэлгэгджээ. 

 

БНХАУ-д уйгуруудыг гар утасны аппликейшнээр дамжуулан тагнадаг талаарх мэдээллийг Блүмберг агентлаг дамжууллаа. Олон нийтийн сүлжээ болон бусад платформ дээр байрлуулсан уйгур хэл дээрх Андройд аппликейшний гуравны нэг нь тагнуулын программ хангамжтай байдаг гэж цахим аюулгүй байдлын Lookout Inc компаниас авсан эх сурвалжтайгаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү программ хангамж нь хэрэглэгчийн хувийн гэрэл зураг, зурвас, холбоо харилцааны талаарх мэдээллийг авах боломжийг хакерчдад өгдөг аж. Хятад дахь андройд хэрэглэгчид Google Play-г ашиглах боломжгүй байдаг тул ихэнх хэрэглэгчид өөр эх үүсвэрүүдээс аппликейшнийг татаж хэрэглэдэг юм. 

 

Ийнхүү тагнаж чагнаж байгаа хэргийн ард БНХАУ байгаа гэж Lookout компанийн судлаачид үзэж байгаа аж. Учир нь цахим халдлагуудад ашиглагдаж буй серверүүдийн нэг нь хятад хэл дээр байсан гэнэ. Энэ мэдээлэл гарсны дараа Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч "Хятадыг санаатайгаар гутаан доромжилохыг эсэргүүцэж" байгаагаа илэрхийлсний дээр "БНХАУ аливаа төрлийн цахим халдлагын эсрэг зогсдог" хэмээн цохон тэмдэглэжээ. 

 

Уйгуруудын эрхийн зөрчил 

Хятад дахь уйгурчуудын ихэнх нь Хятадын баруун хойд нутагт байх Шинжаан Уйгурын өөртөө засах оронд амьдардаг. Барууны хүний эрхийг хамгаалагчид болон сэтгүүлчдийн мэдээллээр, Шинжаан дахь уйгурууд, казахууд, киргизүүд болон исламын шашинт бусад үндэстний цөөнхүүд дахин хүмүүжүүлэх лагерьт эрх чөлөөгөө хасуулдаг аж. Хятадын эрх баригчид үндэстний цөөнхүүдийн эрхийг зөрчдөг гэсэн мэдээллийг байнга няцааж, Шинжаан дахь лагерууд нь хүмүүжил боловсролын төв, экстремизмтэй тэмцэхэд тусалдаг газар хэмээн мэдэгдсээр байдаг юм.

 

Хэдийн Хятадын эрх баригчид ийнхүү хүний эрхийн зөрчилтэй холбоотой мэдээллийг няцаадаг ч Хятадад мусульман-уйгуруудыг хэлмэгдүүлсэн хэрэгт засгийн газрын гишүүд холбоотой тухай нууц баримт бичгүүд 2021 онд дэлгэгдэж байлаа. Хятадын засгийн газрын нууц баримт бичгүүдэд өгүүлснээр Шинжаан дахь мусульман шашинт уйгуруудын эсрэг их хэлмэгдүүлэлт нь тус улсын дээд удирдлагууд, тэр дундаа БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Засгийн газрын тэргүүн Ли Көцян нарын мэдэгдлүүдтэй шууд холбоотой байсан гэнэ. 

 

Тодруулбал, Xinjiang Papers ("Шинжааны баримт бичгүүд ") гэгдэх материалыг нэгэн эх сурвалж "Уйгурын тавцан" нэртэй, Лондонд төвтэй, хараат бус олон нийтийн байгууллагад өгсөн байна. Энэ байгууллага нь уйгур ард түмнийг "хэлмэгдүүлж, үй олноор хөнөөж байж болзошгүй хэргүүд"-ийг мөрдөн шалгадаг аж. Ингээд нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан баримт бичгүүдээ "Уйгурын тавцан"-ы ажилтнууд энэ сэдвийг судалдаг гурван эрдэмтэнд хүлээлгэн өгч, баримт бичиг жинхэнэ эсэхийг тогтоох хүсэлт гаргажээ. Улмаар гурван эрдэмтний нэг, Германы антропологч Адриан Зенц БНХАУ-ын тэргүүний "маш нууц" мэдэгдлүүд олон нийтэд ил болсон түүхэн дэх анхны тохиолдол гэж мэдэгдэж байв.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, 2013 онд Бээжинд, 2014 онд Куньминд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн зорчигчид болон явган зорчигчид руу зэрлэгээр халдсан хоёр хэргийн дараа Хятад дахь уйгуруудын тал дээр баримтлах бодлого өөрчлөгдсөн байна. Хятадын эрх баригчид эдгээр халдлагуудад уйгурын исламистууд болон салан тусгаарлагчдыг буруутгаж байв. Үүний дараагаас л Шинжаанд "дахин хүмүүжүүлэх лагерь" байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэ лагериар мянга мянган уйгур хүн дамжжээ. Энд мусульманчуудыг зан заншил, шашин шүтлэгээсээ татгалзахыг шаардаж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Энэ мэдээлэл задрахаас өмнө, Хятадын эрх баригчдыг уйгуруудыг албадан уусгах, үйлдвэр, хөдөө аж ахуйд албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа гэж удаа дараа буруутгаж байлаа. Түүнчлэн Хятадын эрх баригчид олон мянган уйгур болон үндэсний цөөнхүүдийг Шинжаан мужийн хөвөнгийн талбай дээр албадан хүнд хөдөлмөр эрхлүүлж байгаа талаар ВВС агентлагийн сурвалжлагууд гарч байсан юм. 

 

Мөн АНУ, Канад, Нидерланд зэрэг барууны орнууд БНХАУ-ын эрх баригчдыг үй олноор хөнөөх хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж байлаа. Харин уйгуруудын тал дээр баримталж буй өнөөгийн бодлого нь алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, исламын экстремизмийг устгах зорилготой, харин уйгуруудад зориулагдсан гэх лагериуд нь хоригдлуудыг дахин хүмүүжүүлэх үр дүнтэй арга гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байсан юм.

 

Харин үнэндээ нөхцөл байдал огт өөр байсан, Хятадын дээд удирдлагуудын мэдээлэл болон эрх баригчдын Шинжаан дахь үйлдлүүд хоорондоо "нягт холбоотой" гэдэг нь нууц баримт бичгүүдээс илт харагдаж байна гэж шинжээч Зенц өгүүлжээ. 

 

Тухайлбал, уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлэх бодлого нь БНХАУ-ын даргын дараах үгтэй холбоотой байж мэдэх гэнэ. "Ажилгүй хүмүүс таагүй зүйл өдөөж мэднэ, компаниуд дахь ажил эрхлэлт нь "шашны экстермизмийг сөрөн зогсоход" ажилчдад тусална гэж Ши Жинпин мэдэгдсэн. Ийн ажил хөдөлмөр эрхлүүлэх нь угсаатны цөөнхийн төлөөллүүд "өөрсдөө ч анзааралгүй хятад соёлд суралцах" боломжийг олгоно гэж тэрбээр баталсан юм" хэмээн "Шинжааны баримт бичгүүд"-д өгүүлжээ. 

Түүнчлэн, энэ баримт бичгүүдэд Ши Жинпиний 2014 онд хийсэн мэдэгдлүүд багтсан байна. Энэ мэдэгдэл мөн л уйгурууд руу чиглэгдсэн байжээ.Тодруулбал, өмнөд Шинжаан дахь нөхцөл байдлыг хяналтдаа авахгүй л бол бүхий л орны үндэсний аюулгүй байдал болон XXI зууны Хятадын гол зорилгууддаа хүрэх явдалд аюул занал учирна гэж Ши Жинпин 2014 онд мэдэгдсэн байна.

 

Бусад нууц баримт бичигт, уйгуруудын төрөлтийг хүчээр хязгаарладаг талаар ч бичжээ. Шинжаанд "угсаатны хүн амын хуваарилалтад ноцтой тэнцвэргүй байдал үүссэн", уйгурууд хэт олноор бөөгнөрсөн асуудлыг шийдэх талаар баримт бичгүүдэд өгүүлсэн байна. 

 

Ингээд, 2022 он гэхэд уйгуруудыг нэгээс дээш хүүхэд төрүүлэхгүй байх, ихэвчлэн дорнод Хятадын бүс нутгуудаас 300 мянган хүнийг Шинжаан руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд ингэснээр Шинжаанд хань үндэстнүүдийн тоог нэмэгдүүлж, угсаатны цөөнхийг уусгах бодлого баримталсан аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ