Пентагон: Оросын армийн бие бүрэлдэхүүний хохирол 100 мянгыг давсан

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украины нутаг руу халдсанаас хойш гуравдугаар сарын дундуур бие бүрэлдэхүүнийхээ хохирлыг зарлаж, түүнээс хойш энэ талаар огт ам нээлгүй, "бие бүрэлдэхүүний хохирлын тухай мэдээлэл нь Оросын хуулиар төрийн нууцад хамаарна" гэж тайлбарлаж байв. Харин сүүлд, Орост дайчилгаа зарласны дараа бие бүрэлдэхүүнийхээ хохирлыг зарласан бөгөөд энэ нь барууны орнуудын тагнуулын байгууллагуудын мэдээлсэн тооноос ихээхэн зөрүүтэй байгаа юм.
Украинтай хийж буй дайнд Оросын армийн 100 мянга гаруй хүн амиа алдаж, шархадсан гэж АНУ-ын Армийн штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Марк Милли мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжууллаа.
"Украины талаас ч мөн адил олон хүн хохирсон" хэмээн Милли мэдэгдээд "хэдийгээр ихээхэн хохирол амссан ч Орос улс өнөөг хүртэл Украин дахь зорилгодоо хүрч чадаагүй" хэмээн онцолжээ.
Үүнээс өмнө, 11 дүгээр сарын наймны өдөр Оросын армийн хохирлын талаар Пентагоны орлогч дарга Колин Киль мэдэгдэл хийж байв. Тэрбээр "хэдэн мянган цэргээ Орос алдсан" хэмээж байлаа. Түүнчлэн Оросын арми танкуудынхаа тал хувюийг алдаж, өндөр нарийвчлалтай зэвсгийнхээ ихэнх хэсгийг зарцуулсан хэмээн онцолж байлаа.
Оросын тал хамгийн сүүлд есдүгээр сарын 21 буюу Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласан өдөр бие бүрэлдэхүүний хохирлынхоо талаар мэдээлж байв. Тухайн үед Сергей Шойгугийн мэдэгдсэнээр, Украинд Оросын 5937 цэргийн алба хаагч амиа алдсан гэнэ. Харин Украины Батлан хамгаалах яамны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан мэдээлэлд Оросын 78 690 цэргийг устгасан хэмээсэн байв.
Одоогоос сар орчмын өмнө "Важные истории" хараат бус хэвлэл хоёр эх сурвалжаас авсан мээдэлэлтэйгээр "Украин дахь Оросын армийн нөхөгдөшгүй хохирол 90 мянган хүн" хэмээн дамжуулж байв. Ийм мэдээллийг өгсөн хоёр хүний нэг нь Оросын Холбооны аюулгүй байдлын офицер, нөгөө нь Оросын тусгай албанд офицерээр ажиллаж байсан хүн аж. Нөхөгдөшгүй хохирол гэдэгт алагдсан, сураггүй алга болсон, шархдсаны улмаас эмнэлэгт нас барсан болон дахиж цэргийн алба хаахж боломжгүйгээр шархадсан хүмүүс ордог байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ