Түүх нь кино болж байсан, нисэх буудалд 18 жил амьдарсан иран эр нас баржээ

img

Парисын Шарль-де-Голль нисэх буудалд 18 жил амьдарсан Махран Карими Нассери нас баржээ.Энэ талаар нисэх буудлын захиргааныхан мэдээлснийг Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нассери сүүлийн үед амьдарч байсан 2F терминалд бямба гарагийн үдээс өмнө "жамаараа нас барсан" гэж нисэх буудлын төлөөлөгч мэдэгджээ. 1945 онд Ираны Хузестан мужид төрсөн Нассери төрсөн эхийгээ хайхаар Европ руу нисэж иржээ.

 

Тэрбээр 1977 онд шах Мохаммед Резийн эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцсон тул Иранаас хөөгдсөн аж. Үүний дараа Нассери Европын орнуудаас улс төрийн орогнол авахыг оролдсон ч бүтэлгүйтсэн гэнэ. Харин 1981 онд тэрбээр ельгийн Дүрвэгчдийн асуудал хариуцсан НҮБ-ын комиссоос дүрвэгчийн статус авч, Европын аль нэг оронд амьдрах эрхтэй болжээ.

 

Нассеригийн төрсөн эх Британийн харьяат тул тэрбээр 1986 онд Глазго руу явахаар шийдсэн аж. 1988 онд Бельгийг орхисон Нассери Лондон орохын тулд Францыг зорьжээ. Парисын төмөр замын өртөөн дээр тэрбээр бичиг баримттай цүнхээ хулгайд алдсан ч онгоцонд суусан байна. Харин Хитроу нисэх буудлын паспортын шалганы цэг дээр түүнийг саатуулан эргээд Шарль-де-Голль нисэх буудал руу явуулжээ.

 

Францын эрх баригчид түүнийг Франц руу эргүүлэн оруулах зөвшөөрөл өгч чадсангүй. Мөн хууль ёсоор ирсэн тул нисэх буудлаас гарахыг шаардаж ч чадаагүй аж. Бельгид шинээр бичиг баримт авахын тулд Нассери биечлэн очих ёстой байв. Гэвч орогнол олгосон орноос дүрвэгч явсан бол эргээд энэ орон руугаа орох эрхгүй болдог гэнэ. 1995 онд Бельгийн эрх баригчид Нассерид зөвшөөрөл өгсөн ч нийгмийн ажилтнуудын хяналтан дор Бельгид амьдрах ёстой гэсэн болзол тавьжээ. Харин Нассери үүнийг зөвшөөрсөнгүй. 

 

Ингээд тэрбээр нисэх буудалд үлдэж, зорчигчид болон буудлын ажилтнуудын өгсөн хоол хүнсээр амьдрах болжээ. 1998 онд түүний өмгөөлөгч алдагдсан баримт бичгүүдийг нь олж өгсөн ч Нассери буудлыг орхин явахаас татгалзжээ.

Тэрбээр 2F терминалд ачаагаар хүрээлүүлсэн хэсэг гаргаж, тэндэхийн сандал дээр унтаж амрах болсон байна. Өдрийн тэмдэглэлээ хөтөлж, сонин, ном уншиж өдрийг өнгөрүүлдэг байжээ.

 

Нассеригийн түүх дэлхийн хэвлэл мэдээлэл төдийгүй найруулагч Стивен Спилбергийн анхаарлыг татаж, улмаар Спилберг Нассеригийн түүхээс сэдэвлэн "Терминал" киног бүтээсэн. Энэ киноны гол дүрийг Том Хэнкс, Кэтрин Зета Жонс нар бүтээсэн юм.

 

Кино дэлгэцнээ гарсны дараа Нассеригээс сэтгүүлчид ярилцлага авах нь эрс нэмэгджээ.Ингээд тэрбээр өөрийгөө "ноён Альфред" гэж нэрлэх болсон бөгөөд өдөрт зургаан ярилцлага өгдөг байсан гэнэ. Хэдийгээр түүнд 1999 онд Францад дүрвэгчийн статус олгосон ч 2006 он хүртэл нисэх буудалд өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн байна. Эмнэлгээс гарсныхаа дараа киноны хамт олноос өгсөн шагналын мөнгөөр дэн буудалд амьдардаг байжээ. Харин хэдэн долоо хоногийн өмнө 2F терминалд дахин ирж, амьдарч байгаад тэндээ нас барсан байна. Түүний биеэс хэдэн мянган евро бэлнээр олдсон гэж нисэх буудлын төлөөлөгч мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ