Өрхийн эмнэлгүүд 1.7 сая хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг

img

  “Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэчлэл ба туршилтын загвар төслийн танилцуулга” уулзалт семинар боллоо. Семинарыг Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, АХБ, ЭМЯ хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115- MON төслийн Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх зөвлөх багаас хамтран зохион байгуулсан бөгөөд “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Сонин семинарыг нээж, үг хэлэхдээ “Улсын хэмжээнд нийт 216 өрхийн эмнэлэг байдгаас 123 нь нийслэлд бий. Өрхийн эмнэлгүүд 1.7 сая хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн онд өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг чанаржуулах чиглэлээр олон ажил хийсний нэг нь өрхийн эмнэлэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна гэж Эрүүл мэндийн тухай хуульд заасан. Мөн өрхийн эмнэлгийн эмч ажилчдын нийгмийн халамж үйлчилгээнд илүү анхаарч, боловсронгуй болгожээ. Тухайлбал, өрхийн эмнэлэгт 3-аас дээш жил ажилласан хүнд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах, таван жил тутамд улсын зардлаар мэргэжил дээшлүүлэх зэрэг олон заалт оруулж өгснөөр өрхийн эмнэлэгт боловсон хүчин тогтвортой ажиллах гарцыг нээсэн” болохыг онцолсон. Семинарын үйл ажиллагаанд улс, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл мэндийн байцаагч нар, арван өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан бөгөөд Эрүүл мэндийн яам, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115- MON төслийн холбогдох албаны хүмүүс оролцлоо. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чиглэлээр шинээр гарсан бодлогын баримт бичгүүдийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Сум, өрх, сум дундын болон хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн П. Мөнхтулга, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шалгах хяналтын хуудсын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭМБСШУХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл мэндийн байцаагч Ц. Цэрэнлхам нар тус тус илтгэл тавьсан нь оролцогчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй цаашдаа хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсноороо ихээхэн онцлогтой чухал уулзалт семинар болсон гэж үзэж байна. Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ш. Хажидмаа өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтануудын харьцаа хандлагыг сайжруулах зорилгоор ЭМЯ, АХБ хамтран “Өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудын харьцаа хандлагыг өөрчлөх замаар зөвөлгөө өгөх, ур чадварыг эзэмжүүлэн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” туршилтын загвар төслийг 3 дүүргийн 10 хороонд хэрэгжүүлж буй талаар танилцуулж, саналаа солилцлоо. Мөн уулзалт семинарын үеэр оролцогчдод зориулж зохион байгуулагчдын зүгээс сэтгүүлчдэд ярилцлага, мэдээлэл өгөхөд юуг анхаарах, баримтлах зарчим сэдвээр хичээл заасан нь оролцогчдын сонирхлыг татсан, хэрэгцээтэй мэдээллийг өгч чадсан байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ