Хятад Австралид харилцаагаа хэвийн болгох санал тавьжээ

img

Камбожид болж буй Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезетэй уулзжээ. Энэ уулзалтын үеэр Ли Көцян Хятад, Австралийн харилцааг хэвийн болгох санал тавьсан байна. 

 

"Хамтын хүчин чармайлт гаргах замаар Австрали, БНХАУ хоёр талт харилцаагаа хэвийн болгоно гэдэгт найдаж байгаагаа та Австралийн Засгийн газарт шинэ албан тушаал хашихаар болсон үедээ илэрхийлж байсан. Бээжин ч мөн адил Хятад, Австралийн тогтвортой харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна" хэмээн Ли Көцян мэдэгдсэнийг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба дамжуулжээ. Хятад, Австрали улс найрсаг харилцаатай ч харилцаанд хүндрэл гарсан гэж Ли Көцян онцолсон байна.

 

Энд дуулгахад, Австрали АНУ-тай гурван талт цэргийн хэлэлцээр болох AUKUS хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах болсноор Хятад, Австралийн харилцаа муудсан юм. Түүнчлэн худалдааны салбарын харилцаа ч хоёр орны хоорондын хурцадмал байдалд нөлөөлсөн. Австрали улс коронавирусийн цар тахлын шалтгааныг олон улсын зүгээс шалган тогтоохыг уриалсан нь Хятадын дургүйцлийг төрүүлж, улмаар Хятад улс Австралийн гол нэрийн бараа бүтээгдэхүүнд оноох татварыг нэмж, жуулчны урсгалыг хязгаарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нүүрсний үнийг унагах нь
2022-11-15