Турк АНУ-ын эмгэнэлийг хүлээн авсангүй

Ням гарагт Туркийн Истанбул хотод дэлбэрэлт болж, зургаан хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор улс орнууд Турк улсад хандан эмгэнэл илэрхийлсэн юм. Харин АНУ-ын эмгэнэлийг Туркийн эрх баригчид хүлээн аваагүй гэж CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Истанбулын төвд болсон алан хядах ажиллагаатай холбоотойгоор АНУ-ын Элчин сайдын яамнаас илэрхийлсэн эмгэнэлийг хүлээн авхгүй гэж Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Солу мэдэгджээ. Тэрбээр халдлагыг хаанаас зохион байгуулсныг АНУ мэдэж байгаа хэмээсэн байна.
"Бид Америкийн Элчин сайдын яамны эмгэнэлийг хүлээн авахгүй, хүлээн авахаас татгалзаж байна. Кобани (Сири) алан хядагчдыг төсвийнхөө мөнгөөр тэжээж байгаа манай холбоотон үүгээрээ Турк дэх энх тайвныг алдагдуулж байгаагаа ойлгож байгаа. Бид мэдээж энэ тал дээр дуугүй байхгүй. Бид хэнтэй ч дайсагнадаггүй, бид хэний ч нутаг руу өнгөлздөггүй, бид хэнээс ч урвадаггүй, харин цаашид ийм урвалтыг тэсвэрлэж чадахгүй" хэмээн Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Солу мэдэгджээ.
Түүнчлэн, ням гарагт болсон халдлага нь сүүлийн зургаан жилд гарсан хамгийн том халдлага гэдгийг онцлоод энэ онд гэхэд л Туркийн хууль сахиулагчид 200 орчим алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлж чадсан хэмээн мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, ням гарагт Истанбул хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд дэлбэрэлт болсны улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан юм. Энэ хэргийг амиа золиослогч үйлдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч байсан бол даваа гарагт хэргийн сэжигтэн болох эмэгтэйг баривчилсан байна. Одоо түүнээс байцаалт авч байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ