Афганистанд олны өмнө цаазлах, хурууг нь тайрах зэрэг шийтгэл оноодог шариатын хуулийг баримтална

img

Афганистаныг хяналтдаа оруулсан "Талибан" бүлэглэлийн тэргүүн Хайбатулла Ахунжада шүүх хурал явуулах, ял оноохдоо шариатын хуулийг баримтлахыг Афганистаны шүүгчдэд тушаасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Шариатын хууль баримталснаар олны өмнө цаазлах, чулуу нүүлгэж алах, толгой болон үе мөчийг тасдах зэрэг шийтгэл оноох юм. 1990-ээд оны засаглалтайгаа харьцуулахад зөөлөн, уян хатан байна гэж амлаж байсан "Талибан" алан хядагч дарангуйллын дэглэмдээ эргэн орж байна гэж хэвлэлүүд онцолсон байна. 

 

Ройтерс агентлагийн дамжуулснаар, исламын хуулиар шийтгэл нь хатуу тогтсон, зөөлрүүлэх боломжгүй "худуд" гэх ангилалд багтах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулахыг Ахунжада анхааруулжээ. "Худуд" гэх ангилалд хулгай, дээрэм, завхайрал, согтууруулах ундаа хэрэглэх, урвалт зэрэг хэргүүд багтдаг аж. "Урвалт"  гэсэн хэрэгт засгийн газраас өөр үзэл бодолтой иргэн бүрийг хамруул болзошгүй гэж хүний эрхийг хамгаалагчид болгоомжилж байгаа гэнэ.

 

Талибан бүлэглэл өнгөрсөн оны наймдугаар сарын Афганистаны төрийн эрхэнд гарснаас хойш зөрчил гаргасан хүмүүсийг олны өмнө шийтгэж, саваа модоор цохиж байгааг харуулсан гэрэл зургууд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр ихээхэн тарахж байлаа. Түүнчлэн баривчлах үед амиа алдсан гэх гэмт хэрэгтнүүдийн цогцосыг олны хөлийн газар цагдаагийнхан байрлуулж байв.

 

Шариатын хууль гэж юу вэ? 

 

Шариат гэдэг нь исламын эрхзүйг бүрдүүлэгч дүрэм журам, зан заншлын систем бөгөөд мусульманчуудын ариун судар Корнан, зөнч Мухаммедын сургааль, номлолуудыг багтаасан сунна болон хадис дээр үндэслэгдсэн. 

Шариат гэдэг нь “зөв зам” эсвэл “усанд хөтлөх зам” хэмээх утга илэрхийлэх араб үг юм. Шариат нь хуулиудын эмхэтгэл биш харин мөргөл, залбирал, хөршүүдийн харилцаа төдийгүй хүрээлэн буй орчинтой харьцах зэрэг мусульман хүн бүрийн амьдралыг тодорхойлсон цогц агуулгатай аж. 


Шариат нь итгэл үнэмшил, сайн үйл, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, ажил хэргийн холбоо, өв хөрөнгийн маргаан гээд амьдралын салшгүй хэсгүүдийг хэрхэн бурханд нийцүүлэн үйлдэх тухай ойлголтыг мусульман хүнд өгөх юм. 

 

Шариатад олны өмнө чулуугаар нүүлгэх, үе мөчийг нь тайрах зэрэг биеийн шийтгэл оноох тухай заасан байдаг. Шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн хүнд хөнгөнөөс хамаарах бөгөөд  "худуд" болон "тазир" гэж гэмт хэргүүдийг ангилдаг байна. "Худуд" нь зохих шийтгэлийг нь тусгайлан заасан ноцтой гэмт хэрэг. Энэ ангилалд зарим төрлийн хулгайн хэрэг орох бөгөөд үүний төлөө гарыг нь тайрдаг бол “Тазир”-хөнгөвтөр гэмт хэрэг, шийтгэлийг нь шүүгчид өөрсдөө тодорхойлно. 

 

Ойрх Дорнод болон Хойд Африкийн олон оронд шариатын хууль гэрлэлт цуцлах, өв хөрөнгийн маргаан, эцэг эхийн эрх болон үрчлэх гээд гэр бүлийн эрхзүйд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Харин Пакистан, Афганистан, Иран, Саудын Араб болон Персийн булангийн бусад орнууд, Ирак, Йемен, Мавритани, Бруней, Сомали гэсэн орнуудад эрүүгийн хууль тогтоомжид шариатыг багтаасан байдаг аж. 


Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ