Нидерланд Истанбулд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Туркийн далбааг мандуулжээ
2022-11-15

Өнгөрсөн ням гарагт Туркийн Истанбул хотын төв гудамжинд алан хядах ажиллагааны улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд эмгэнэл илэрхийлсэн юм. 

 

Нидерландын Роттердам хот ням гарагт болсон алан хядах ажиллагааны хохирогчдын дурсгалыг хүндэтгэн хотын захиргаан дээр Туркийн далбаа мандуулсан байна. Энэ талаар хотын захиргаа Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Алан хядах ажиллагаа болсон энэ үед Туркийг дэмжиж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн ийн Туркийн далбааг мандуулсан гээд "Бид алан хядлагын хохирогчид болон тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж байна" хэмээн Роттердам хотын захиргааны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Эргэн сануулахад, 11 дүгээр сарын 13-ны ням гарагт Туркийн Истанбул хотын Истикляль гудамжинд орон нутгийн цагаар 16:20 цаг орчимд дэлбэрэлт болсон юм. Энэ дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан бөгөөд гудамжинд тэсрэх төхөөрөмжтэй цүнх орхиод зугтсан эмэгтэйг баривчилжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин