Беларусьт цэргийн үүрэгтнүүдийг энэ онд багтаан бүртгүүлэхийг үүрэгджээ

Беларусийн цэргийн үүрэгтнүүдийг энэ онд багтаан цэргийн комиссарын газар ирж бүртгүүлэхийг Батлан хамгаалах яам үүрэгдсэн талаар БЕЛТА агентлаг мэдээлжээ. Энэ нь үүрэгтнүүдийн бүртгэлийг шалгах төлөвлөгөөт ажил гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэн гэнэ.
"Цэргийн комиссарын газрууд төрийн тэргүүний үүрэг болгосны дагуу цэргийн үүрэгтнүүдийн бүртгэлийг шалгах төлөвлөгөөт ажлыг үргэлжлүүлж байна. Шалгалтын явцад иргэдийг цэргийн комиссарын газар, орон нутгийн гүйцэтгэх байгууллагуудын цугларах цэгт дуудна. Энэ оны 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн оны эцэс хүртэл цэргийн бүртгэлд байдаг бүхий л цэргийн үүрэгтнүүдийн мэдээллийг шалган бүртгэнэ" хэмээн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ. Цэргийн үүрэгтнийг бүртгэлийг шалгахад 10-15 минут шаардагдана, шалгаж дуусмагц иргэдийг саатуулалгүй явуулна хэмээн онцолсон байна.
Энд дуулгахад, Беларусийн эрх баригчид саяхан Оростой хамтран "цэргийн бүлэглэл" байгуулж байгаа талаар мэдэгдэж байлаа. Ингэснээр Украины нутаг дэвсгэр рүү Беларусийн нутгаас халдаж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн юм. Энэ мэдэгдэл гарсны дараа Беларусьт албан ёсоор цэргийн дайчилгаа зарлаагүй ч иргэдэд зарлан дуудах хуудас ирэх болсон гэнэ. Харин энэ бүх мэдээллүүд нь худал гэж Беларусийн Батлан хамгаалах яам няцааж байв.
Гэсэн ч иргэдийг дайчилж болзошгүйг илтгэсэн мэдээлэл гарсаар байна. Тухайлбал, "Настоящее время" агентлагийн мэдээлснээр, Беларусийн Брест мужийн цэргийн комиссарын газар 180 мянган зарлан дуудах хуудас захиалсан гэнэ. Энэ зарлан дуудах хуудсыг захиалах тендер Беларусийн төрийн худалдан авалтын сайт дээр байршжээ. Тендерт армид шуурхай зарлан дуудахад шаардлагатай бусад баримт бичгүүдийг захиалах талаар ч дурджээ.
Түүнчлэн Беларусийн "Онц байдлын тухай" хуульд нууцаар нэмэлт өөрчлөлт оруулсан, ингэснээр Беларусийн цэргийн алба хаагчид өөр орны нутаг дээрх байлдааны ажиллагаанд оролцох боломжтой болсон гэж Беларусийн сөрөг хүчний улс төрч Анатолий Лебедько нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр мэдэгдэж байв. Түүний өгүүлснээр, шинэ журам 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болох гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ