Эрүүл мэндийн төвтэй холбоотой хууль, эрх зүйн баримт бичгүүд батлагдлаа
Монгол улсад анх өрхийн эмнэлгийг тогтолцоог бий болгосон нь эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл үүсч хөгжих, иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулахад нэн чухал түлхэц болсон юм. Гэвч өрхийн эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Иймд шинээр батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулинд өрхийн эмнэлгийг төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байх тухай заалт оруулсан юм. Мөн “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS5292-2011 стандарт”-ыг 2011 оны 6 дугаар сард батлуулж, өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үй ажиллагааны чиглэлийг шинэчлэв. Эрүүл мэндийн тухай хуулийн 16.4–т заасны дагуу “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийг боловсруулан 2011 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын “Дүрэм батлах тухай” 364 тоот тогтоолоор батлуулав. Энэхүү дүрэмд өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг тодорхой болгож, төвийн эрх, үүргийг нэмж тусгалаа. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 16.3–т заасныг үндэслэн тус дүрэмд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор өрхийн нэг эрүүл мэндийн төвд ногдох иргэний тоог нийслэлд 8000-аас доошгүй, аймаг, суурин газарт 6000-аас доошгүй байхаар зааж, нэг өрхийн эрүүл мэндийн төвд ногдох иргэний нийт тоо 14.000-аас хэтрэхгүй байхаар тогтоов.Түүнчлэн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хувьд өрхийн эрүүл мэндийн төв нь жил бүр гүйцэтгэлийн гэрээ байгуулж ажиллах, өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах тухай заалтуудыг нэмж тусгалаа. Мөн Эрүүл мэндийн сайдын 2012 оны ”Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой зарим арга хэмжээний тухай” 26 тоот тушаалаар “Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хийх гүйцэтгэлийн гэрээний үлгэрчилсэн загвар”, “Гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд”, “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ыг баталлаа. Өнөөг хүртэл аймаг, нийслэлд өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хийж буй гэрээ, гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт, тусламж, үйлчилгээний чанарыг үнэлэх, дүгнэх үйл ажиллагаа харилцан адилгүй хангалтгүй байв. Иймд гэрээнд талуудын эрх, үүргийг тодорхой тусган, хүлээх хариуцлага, урамшуулах заалтуудыг нэмж тусгалаа. Мөн гэрээний биелэлтийг дүгнэх заалтыг дэлгэрэнгүй оруулж, гэрээг цуцлах заалтуудыг тусгав. Гүйцэтгэлийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсруулан, тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлтээс гадна өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарт чиглэгдсэн заалтуудыг оруулав.Сонгон шалгаруулах журам нь хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх өрхийн эрүүл мэндийн төвийн багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулахад чиглэгджээ. Эдгээр тогтоол, стандарт, тушаал батлагдан гарснаар өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болж, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх үйл ажиллагаа нэгдсэн удирдлагаар хангагдах юм. Эрүүл мэндийн салбарт 2012 онд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил” болгон зарласантай холбоотойгоор цаашид өрхийн эрүүл мэнийн төвүүдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ