Хятадын өмнөд хэсэгт байх Гуанжоу хотод эмх замбараагүй байдал дэгджээ. Коронавирусийн халдвартай тэмцэх хэт хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн улмаас иргэд эсэргүүцэн, үймээн дэгдсэн гэж МИР24 суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 13 сая хүн амтай энэ хотын оршин суугчид гудамжинд гарч, хөдөлгөөн хязгаарлах зорилгоор босгосон хаалтуудыг буулгажээ. Түүнчлэн цагдаагийн хэд хэдэн машиныг хөмрүүлсэн байна. Харин зарим газарт гарсан эсэргүүцэл нь тайван өрнөж, оролцогчид хаалт хайс буулгалгүй харин дуулж, хөл хорио цуцлахыг шаардсан гэнэ. Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллээр, иргэд эсэргүүцэл, үймээн дэгдээсэн тул Хятадын цагдаагийнхан гал нээсэн гэнэ. Мөн эсэргүүцэлд оролцогчдыг олноор нь баривчлан саатуулсан талаарх мэдээлэл ч гарчээ. Гэхдээ энэ мэдээллийг батлах албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Энд дуулгахад, БНХАУ-ын эрх баригчид "тэг ковид" бодлого баримталж, халдварын тохиолдол илэрсэн бүс нутгуудад хатуу хязгаарлалт тавьж байгаа юм. Сүүлийн гурван өдөрт Хятадад 14,5 мянган халдварын тохиолдол илэрснээс 4000 нь Гуанжоуд бүртгэгдсэн тул ийнхүү хөл хорио тавьжээ. Хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа үед иргэд гэрээсээ гарч болохгүй, гэр бүлийн нэг л гишүүн өдөрт нэг удаа дэлгүүр орж хүнсээ цуглуулах боломжтой байгаа аж. Гуанжоу хотод хөл хорио 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусах ёстой байсан ч шинээр халдвар илэрсэн тул хөл хориог сунгажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |