Хилээр их хэмжээний эм нуун гаргахыг завдсан Монголын иргэн саатуулагджээ

Буриадын гаалийн газрын ажилтнууд "Хиагт" автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр Монголын иргэн эмэгтэйг саатуулжээ. Түүнийг саатуулсан шалтгаан нь их хэмжээний эм нуун гаргахыг завдсантай холбоотой гэж Информ полис мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монголын иргэн эмэгтэй нийт 2,9 кг жинтэй, 97 боодол эмийг хилээр нуун гаргахыг завджээ. Антиобиотик болон гормоны эмнүүдийг тэрбээр Улаан-Үдээс худалдан авч, цааш Монголд зарах зорилготой байсан, эм бэлдмэлүүдийг, машины зорчигчийн суудлын түшлэгэ хэсэгт нуусан байсан гэж Буриадын Гаалийн газар мэдээлсэн байна.
Энэ зөрчилтэй холбоотойгоор, ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1-т зааснаар захиргааны хэрэг зөрчлийн тухай хэрэг үүсгэжээ. Хуулийн энэ хэсэгт "бараа бүтээгдэхүүнийг нуух, илрүүлэхэд хүндрэлтэй байхуйц аргаар далдлан нуусан" гэсэн зөрчил тусгагдсан байдаг бөгөөд энэ заалтаар зөрчил гаргасан бол захиргааны хэрэг зөрчилд хамаарах бараа бүтээгдэхүүний өртгийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль ногдуулж, зөрчилд хамаарах бараа болон тээврийн хэрэгслийг хураах шийтгэл оноодог аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ