Рамзан Кадыровыг эрэн сурвалжилж байна

Украины Дотоод хэргийн яамны эрэн сурвалжлагдаж буй хүмүсийн жагсаалтад Чеченийн тэргүүн Рамзан Кадыров багтжээ. Түүнийг Украины Аюулгүй байдлын алба эрэн сурвалжилж байгаа аж.
"Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан", "дайн өдүүлсэн" гэсэн зүйл ангиар үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор Кадыровыг эрэн сурвалжилж байгаа юм байна. Хуулийн энэ заалтаар гэм буруутай этгээдэд 7-15 жилийн ял оноодог аж.
Энэ мэдээллийг харсан Рамзан Кадыров Украины эрэн сурвалжлах арга нь "интернет хайлт дээр л тогтдог" хэмээн шоолоод, Украинд ч "хэдэнтээ байсан" хэмээсэн байна.
"Намайг Грозный хотын төвд байгаа гэдгийг дэлхий даяараа мэднэ. Гэтэл Украины тэнэг аюулгүй албаныхан намайг эрэн сурвалжилж байгаа юм гэнэ" хэмээн Рамзан Кадыров Телеграм хуудсандаа бичжээ.
Түүнчлэн энэ мэдэгдэлдээ тэрбээр Украины тусгай албаныхан дээр өөрөө яваад очно гэж "сүрдүүлсэн" байна.
"Би өмнө нь хэлж байсан, одоо ч дахиад хэлье, аюулгүй албаныхаан, уулзах газар, цагаа л хэлчих! Намайг хайх хэрэггүй. Ингэхэд би Украинд хэд хэдэн одоо очсон шүү дээ, тэгэхэд намайг хайгаад байгаа шинж л лав олж хараагүй. Украины хайх арга нь интернет хайлт дээр л тогтдог бололтой. Учир нь "газар дээр" бодитоор ямар ч эрэн хайх ажил хийгээгүй гэж манай тагнуулынхан хэлсэн. Тэд ингэж ч чадахгүй л дээ. Байнга л цахилгаан нь тасарч байгаа, ийм үед ажиллах хэцүү шүү дээ. дээр нь агаарын түгшүүрийн дохио байнга хангинана" хэмээн Кадыров бичжээ.
Өнгөрсөн сард Украины Аюулгүй байдлын алба Украин дахь Оросын цэргийн хүчний командлагч Сергей Суровикинийг нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан гэсэн зүйл ангиар эрэн сурвалжилж байгаагаа зарласан юм. Үүнээс өмнө Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Гадаад хэргийн яамны төөлөлөгч Мария Захарова, Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков нарыг эрэн сурвалжилж байгаа зарлаж байв.
Кадыровын дайн дахь оролцоо
ОХУ Украинд дайн өдүүлсэн өдрөөс л энэ дайныг Чеченийн тэргүүн Рамзан Кадыров идэвхийлэн дэмжиж, нутгааса олон цэргүүдийг дайнд илгээж байлаа. Түүгээр ч зогсохгүй хөвгүүдээ ч дайнд явуулсан талаарх мэдээлэл гарч байв. Тэрбээр насанд хүрээгүй гурван хүү нь Украины нутаг дэвсгэр дээрх байлдааны ажиллагаанд оролцсон хэмээн батлан өнгөрсөн сард дүрс бичлэг нийтлэж байлаа. Ширүүн тулаан өрнөж буй шугаманд хөвгүүд нь очсон гэж Кадыров Телеграм сувагтаа оруулсан дүрс бичлэгтээ өгүүлж байсан юм.
Кадыровын өгүүлснээр, 16 настай Ахмат, 15 настай Зелимхан, 14 настай Адам нар "давшиж буй дайчдыг галаар хамгаалсан" гэнэ. Түүний нийтэлсэн дүрс бичлэгт буун дуу сонсогдож, өсвөр ансны хөвгүүд гал нээж байгаа нь дүрслэгдсэн байна.
Харин Чечений сөрөг хүчний телеграм сувгуудын мэдээлснээр, энэ бичлэгийг байлдааны талбарт биш харин ар талд авсан байж болзошгүй гэнэ. Насанд хүрээгүй хөвгүүд нь Украинд байлдана гэж Кадыров 10 дугаар сарын эхээр мэдэгдэж байлаа. Чеченьчүүд түүнийг өөрийн төрөл төрөгсдийг биш энгийн ард иргэдийг дайнд явуулж байна гэж шүүмжилсний хариуд тэрбээр ийнхүү мэдэгдэж байжээ. Энд дуулгахад, Женевийн конвенцийн дагуу насанд хүрээгүй хүмүүсийг байлдааны ажиллагаанд оролцуулахыг хориглодог юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ