Зеленский: Украинд 10 сая хүн гэрэл цахилгаангүй байна

Оросын арми өргөн цар хүрээтэй довтолгоогоо үргэлжлүүлж, Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч байгаагийн улмаас Украин даяар цахилгаан эрчим хүч тасалдсан хэвээр байна. Одоогоор 10 сая хүн гэрэл цахилгаангүй амьдарч байгаа талаар Зеленский мэдэгджээ.
"Манай улсын олон хот, сууринд цахилгаан эрчим хүчний ослын зогсолт үргэлжилж байна. Ойролцоогоор 10 сая орчим хүн цахилгаан эрчим хүчгүй амьдарч байгаа" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Оросын арми Украин руу дайрахаас өмнө Украины хүн ам 40 сая гаруй байсан бөгөөд дайны улмаас 12 сая хүн эх орноосоо дүрвэсэн гэж НҮБ мэдээлж байв. Эндээс харахад Украинд үлдсэн 30 сая орчим хүний гуравны нэг нь цахилгаан эрчим хүчгүй амьдарч байгаа аж.
Харьков, Житомир, Киев, Львов мужуудад цахилгаан эрчим хүчийг илүүтэй таслаж байгаа гэнэ. Львов болон бусад хотуудад дулааны эрчим хүч нийлүүлэлтийг зогсоожээ. Түүнчлэн холбоо харилцаа, интернет доголдсон байна.
Энд дуулгахад, Оросын арми Украины объектод 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин пуужингийн цохилт өгч эхэлсэн юм. Оросын цохилтын улмаас Украины эрчим хүчний 15 объект гэмтжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ