Экваторын Гвинейг 43 жил удирдсан Ерөнхийлөгч дахин сонгогджээ

Өнгөрсөн ням гарагт Экваторын Гвинейд Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Энэ сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч, 80 настай Теодоро Обианг Нгема Мбасого дахин сонгогдохоор нэр дэвшсэн талаар МИР24 мэдээлсэн байна.
Теодоро Обианг Нгема Мбасого 1979 оноос хойш энэ орныг удирдаж байгаа бөгөөд 1979 онд тэрбээр өөрийнх нь авга ах, Экваторын Гвинейн анхны Ерөнхийлөгчийг суудлаас нь түлхэн унагаж, энэ албан тушаалыг хаших болсон аж. Тэрбээр 43 жилийн Ерөнхийлөгчийн албан тушаалд сууж байгаа нь дэлхийд хамгийн удаан хугацаанд төр барьж байгаа хүнд тооцогдож байгаа юм. Обианг Нгема сонгуулиар 90 гаруй хувийн санал авч, таван удаа сонгогдож байжээ.
Энэ удаагийн сонгуульд дахин ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа Обианг Нгема санал хураалтын өмнө илэрхийлсэн байна. Түүнтэй хамт хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд нэг нь өмнөх бүх сонгуулиудад оролцож байсан нэр дэвшигч, нөгөө нь анх удаа нэрээ дэвшүүлж байгаа аж. Сөрөг хүчний нэр дэвшигч бүх нийтийн санал асуулгыг луйвар хэмээн нэрлэсэн байна. Одоогоор албан ёсны дүн гараагүй ч Нгема дахин сонгогдох нь гарцаагүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Өмнөх таван сонгуулиар 90 гаруй хувийн саналаар ялж байсан түүнийг Олон улсын хүний эрхийн байгууллагууд болон сөрөг хүчнийхэн дарангуйлагч хэмээн нэрлэдэг юм.
Энд дуулгахад, Экваторын Гвинейн төсвийн орлогын дөрөвний гурав гаруй хувийг газрын тос, хийн худалдаанаас олсон орлого бүрдүүлдэг. Энэ улс нэг хүн амд ноогдох ДНБ-ээрээ Африктаа дээгүүр ордог ч энэ улсад баян, ядуугийн ялгаа асар их байдаг аж. Экваторын Гвинейн газрын тос, хий, ой, алт, очир эрдэнэ, газрын ховор металлын асар их нөөц зэрэг улсын бүхий л баялгийг Нгема болон түүний гэр бүл дангаар эзэмшдэг гэж Freedom House байгууллага мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ