Индонезид газар хөдөлсний улмаас 160 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтжээ

Индонезийн Ява аралд газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн талаар мужийн захирагч Ридуан Камил мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжууллаа.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, Ява аралд 5,6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт нь арлын баруун хэсэгт Чианжур хотод, 10 км гүнд байжээ. Байгалийн гамшгийн улмаас олон хүн эмнэлэгт хүргэгдэж, аврагчид амьд хүн олно гэсэн найдлагтайгаар нуранган дор эрэн хайх ажлаа үргэлжлүүлж байгаа гэнэ.
Газар хөдлөлт болсон бүс нь хүн ам шигүү суурьшсан, хөрсний гулгалтад өртөх өндөр эрсдэлтэй , байшингууд эмх замбараагүй баригдсан тул байгалийн гамшгийн дараа байшингууд нурж, хогон овоо шиг болжээ. Ява аралд болсон газар хөдлөлтийн улмаас 13 мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй болж, 2000 гаруй барилга байшин сүйдсэн гэнэ.
Баруун Явагийн захирагч Ридуан Камилын өгүүлснээр, 326 хүн гэмтэж бэртсэн байна. Байгалийн гамшиг болсон бүс болон түүний алслагдсан хэсгүүдэд олон хүн оршин суудаг тул амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүний тоо өсөх байх хэмээн тэрбээр мэдэгджээ.
Энд дуулгахад, Индонзи улс Номхон далайн тектоник идэвхжлийн "галт цагариг"-ийн бүсэд оршдог тул энэ улсад газар хөдлөлт ойр ойр давтамжтай болдог байна. Хамгийн сүүлд гэхэд л 2018 онд Сулавеси аралд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амиа алдсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ