МАН-ынхан шатахууны гэнэтийн үнийн өсөлийн шалтгааныг тогтоохоор боллоо
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар тус бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
Тэд чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг авч хэлэлцэн, нэгдсэн шийдэлд хүрсэн ажээ. Бүлгээр алслагдсан аймаг, суманд ажиллаж амьдарч байгаа иргэдэд үзүүлэх дэмжлэгийн асуудлыг хөндсөн байна.
Энэ талаар Засгийн газраас тооцоо судалгаа хийж, даруйхан хуулийн төсөл боловсруулан өргөн барих үүрэг өгсөн байна. Хуулийн төсөлд алслагдсан бүсийн иргэд бензин шатахууны болон хүнсний зарим бүтээгдэхүүн, цахилгааны хөнгөлөлт эдлэх тухай тусгах аж.
Мөн Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг урагшлуулах шаардлагатай гэж үзжээ. МАН-ын гишүүдийн санаачилсан энэхүү хуулийн төсөлд гурваас дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд 208800 хүртэлх төгрөгийг сар бүр олгож байхаар тусгасан бөгөөд хуулийн төслийг урагшлуулах үүднээс АН-тай зөвшилцөхөөр шийдсэн байна.
Түүнчлэн МАН-ын бүлгээс шатахууны үнийн өсөлттэй тэмцсэн Засгийн газрын ажлыг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Өмнө нь Засгийн газраас импортлогч компаниудад 10 орчим тэрбум төгрөгийн торгууль тавьж, зарим удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн. Үүнийг тус намын бүлгийн гишүүд үүнийг хангалттай хариуцлага тооцсон хэлбэр гэж үзэхгүй байгаа аж.
Тэд 1450 төгрөгт хүрсэн валютын ханш 1370 төгрөг болж буурсан байхад шатахууны үнэ гэнэт нэмэгдсэн шигээ 260 төгрөгөөр буурахгүй байгаагийн шалтгааныг илрүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
Өнөөдрөөс ажилдаа орсон ажлын хэсэг шатахуун болон махны асуудлыг тусгайлан судлах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ