Маргааш өвлийн эхэн сар эхэлнэ. Энэ өдрүүдэд эрчим хүчний салбар энэ өвлийг өнөтэй давж чадах эсэх асуудал анхаарал татсан асуудал болж байна.
Салбарын сайдын зүгээс “Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байна. Ажлын хэсгүүд аймгуудад ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ Б.Чойжилсүрэн сайд аа, асуудал аймгуудад биш улсын нийслэл Улаанбаатарт байна. Та өчигдөр мэдээлэл хийхдээ “Дулааны асуудал өвлийн ид ачааллын үед ямар байх тооцооллыг гаргасан. Долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар -35 хэмээс дээш хүйтэрвэл тасалгаанд 19 хэм байх л хүчин чадалтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд дулааны 2366 гега калори/цаг хүчин чадалтай. Гэвч холбосон хүчин чадал нь 3000 давчихсан байна. Ямар ч дулааны нөөцгүй байгаа” гэж тодотгосон. Ямар ч нөөцгүй, өвлийн эхэн сар гараагүй байхад дулааны хүчин чадал байж болох хэмжээнээс давчихсан. Гэтэл та “Өвөлд бэлэн” гэх том мэдэгдэл хийгээд сууж байдаг. Эртхэн амь амиа бодоорой гээд хэлчихсэн нь өлзийтэй биш үү. Үнэхээр аргалж чадах юм уу? Эртхэн нийслэлчүүддээ үстэй дээл, эсгий гутлаа бэлд гээд хэлчихсэн нь шулуухан биш үү.
Яг үнэндээ ямар нэг гарц гаргалгаагүй “Аргална” гээд суугаад баймааргүй байна, Б.Чойжилсүрэн сайд аа. Өнөөдөр Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 гаруй хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг хангадаг ДӨРӨВДҮГЭЭР цахилгаан станц ТЭГ ЗОГСОЛТ хийхэд хүрээд байна.
Гэтэл цахилгаан станцыг ямар аргаар өргөтгөн шинэчлэх талаар танд төлөвлөгөө алга. Энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотын зүүн бүсийг дулаанаар хангах зорилгоор Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж, сүр дуулиантайгаар шав тавьсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл өргөтгөлийн ажил албан ёсоор эхлээгүй байна. Ер нь танай яаманд ирээдүйн төлөвлөгөө байна уу?
Б.Чойжилсүрэн сайдаа, та ядаж Ерөнхий сайдынхаа барьж гүйгээд байгаа “Шинэ сэргэлт”-ийн бодлогоо сөхөж хар, салбараа ТЭГ зогсолт хийхээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замаа ол. Үгүй бол Улаанбаатар дэлхийд хөлдүү хот гэсэн тодотгол авч шившгээ дэлгэх нь.
П.ГОО