Аверын хүндхэн тавилан буюу дүрвэгсдийн хуарангаас ДАШТ хүрэх зам

Янз бүрийн тавилан, замыг туулж их спортын дэвжээнд гарсан тамирчид Катар-2022-д чуулж байна. Тэдний нэг нь Австралийн шигшээ багийн гишүүн Авер Мабиль юм. Түүний хөлийн хуруунд хумс гэж бараг үгүй, энэ нь хүүхэд насаа хөл нүцгэн өнгөрүүлсэнээс улбаатай. Арван нас хүртлээ Кенийн дүрвэгсдийн хуаранд бөмбөг хөөж явсан хүүд жинхэнэ бөмбөг бүү хэл гутлын талаар ч мөрөөдөхөд хүнд байв.
Түүний эцэг эх Өмнөд суданы иргэний дайнаас зугтан Кенийн Какума дахь дүрвэгсдийн хуаранд амьдарч байжээ. Хуарангийн оршин суугчид өөрсдөөс нь ч дор нөхцөлд амьдрах кеничүүдтэй байнгын сөргөлдөөн дунд байдаг байж. Авер хүү энэ бүхнийг тэсэн гарахад гагцхүү хөлбөмбөг тусалжээ. Байнгын сөргөлдөөн, хоосон ходоод, халдварт өвчний дунд амьдрах Мабилийн гэр бүлийн гол зорилт нь ердөө л тэсэж үлдэх байв.
Өнөөдөр бүх зүйл өөр. Авер олон бэрхшээлийг туулж хатуужин, ДАШТ-д оролцож буй Өмнөд Судан гаралтай анхны хөлбөмбөгчин болж байна. Зургадугаар сард болсон тоглолтод гагцхүү түүний гүйцэтгэсэн үүргийн ачаар Австралийн баг Катарыг зорих эрхээ авсан юм.
Гар хийцийн бөмбөгтэй хүү
Лионель Месси гэх бичигтэй гялгар уут углан хөлбөмбөг тоглодог Афганистаны зургаан настай Мухтаз Ахмадигийн зураг 2016 онд дэлхий даяар тархаж, домогт хөлбөмбөгчин олж харан хүүд туслаж байлаа. Харин Аверт туслах хэн ч байсангүй. Тэр гялгар уут өмссөнгүй, гэхдээ гялгар уутаар найзуудынхаа хамтаар бөмбөг хийж байжээ.
"Гялгар уутанд хуучин хувцас хийж, бөөрөнхийлөөд, дараа нь үзүүрүүдийг нь асаагуураар шатааж наадаг. Ингээд л бөмбөг болчихно" хэмээн Австралийн 11 дугаартай хөлбөмбөгчин Авер сэтгүүлчдэд ярьж байжээ.
Какума дахь хуаранд амьдарч буй олон гэр бүлийн хувьд дүрвэгсдэд зориулсан тусгай хөтөлбөр л тайван орнуудыг зорих цорын ганц найдвар нь. Гэвч ийм хөтөлбөр байнга хэрэгжээд байдаггүй. Харин Мабилийн гэр бүлд аз тохиожээ. 2006 онд тэд Австралийг зорих боломж гарсан байна.
"Миний өмнө огт өөр ертөнц нээгдсэн. Асар өндөр барилгууд, үнэтэй машин, найрсаг хүмүүс гээд л" хэмээн Авер ярьж байв.
Авер англи хэл мэддэггүй байсан тул сургуульд явахаас татгалзжээ. Харин үе тэнгийнхэнтэйгээ харилцах цорын ганц хэл нь хөлбөмбөг байлаа. Гар хийцийн бөмбөг өшиглөж, хөлнөөсөө цус гарахыг хайхрахгүй харайж байсан хүү анх удаа жинхэнэ бөмбөг, жинхэнэ пүүзтэй болов.
Ер бусын хурд, тэвчээртэй 14 настай Авер Өмнөд Австралийн Спортын академийн шалгаруулалтад оролцож, улмаар энэ академид рхоёр жил суралцжээ. Socceroos-ийн тоглогч асан Тони ВИдмар хүүгийн авьяасыг анзаарч, улмаар түүний ачаар Авер мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавих гараагаа эхэлжээ. Ингээд үүнээс гурван жилийн дараа 2013 онд Авер "Аделаида Юнайтед"-ын түүхэн дэх хамгийн заолуу тоглогч болж, мөн онд Австралийн U19 шигшээ багт багтах болсон байна.
Дүрвэгсдэд туслах сан байгуулсан нь
Авер өндөр төвшинд тоглохыг мөрөөддөг байсан тул 18 настайдаа Европыг зорьж, улмаар Данийн "Мидтьюлланна" багт багтах болжээ. Энэ клуб түүнийг өмнөх багаас нь 450 мянган еврогоор худалдаж авсан байна.
Тэрбээр хөлбөмбөг тоглохын зэрэгцээ, дотны найз, мөн л Кенийн дүрвэгсдийн хуарангаас гаралтай хөлбөмбөгчин Томас Денгийн хамт сайн үйлс хийхээр шийджээ. Тэд гарал үүсэл, нутаг нэгтнүүдийнхээ хүндхэн хувь тавиланг мэддэг хүмүүс. "Какума" гэх дүрвэгчдийн хуарангийн нэрийг бичсэн пүүзтэй, гэр бүлийнхээ зурагтай өвдөгний хамгаалалттай тоглодог Авер найзынхаа хамтаар Barefoot To Boots буяны санг байгуулжээ. Тэд Австралийг зорьсноосоо хойш анх удаа 2014 онд дүрвэгчдийн хуаран руу очсон бөгөөд тухайн үедээ 100 пүүз, 50 бөмбөг, эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн авч осно гэнэ.
"Хөтөлбөрийн зорилго нь хөлбөмбөгөөр дамжуулан дүрвэгчдэд туслах юм. Би багийнхантайгаа болон "Аделаида Юнайтед"-ын удирдлагатай ярилцсан. Тэд дуртайяа тусласан юм. Түүнчлэн хөгжөөн дэмжигчид маань пүүз, хөлбөмбөгийн бусад хэрэгсэл хандивлан туслаж байлаа. Одоо тэндэхийн хүүхдүүд миний бага нас шиг хөл нүцгэн тоглож, хөлөө гэмтээнэ гэж би айхааргүй боллоо" хэмээн Авер Мабиль нэгэн ярилцлагадаа өгүүлж байжээ.
Дүүгийнх нь үхэл
Авер бүрэлдэхүүнд нь багтах Данийн баг 2019 онд Данийн цомд ялалт байгуулж, үүний дараах улиралд улсын аварга болсон гээд Аверын нэр хүнд эрс өсөв. 2020 оны 11 дүгээр сард тэрбээр Аваргуудын лигт гоол оруулсан Өмнөд Судан гаралтай анхны тоглогч болсон амжилт гаргасан юм.
Асар их амжилт гаргасан жилд түүний гэр бүлд уй гашуу тохиожээ. 2019 оны намар Аверын охин дүү автын ослоор амиа алдсан байна. Багадаа өлөн зэлмэн өссөн Авер мөн л дүрвэгсдийн хуаранд төрсөн, өөрөөс нь гурав дүү Бортой эцсийн зүсэм талхаа ч хуваалцдаг байж. Харин 2019 онд дүү 19 настай Бор найз залуугийн хамт явж байгаад осолджээ.
"Би энэ уй гашуугаас болж хэдэн долоо хоног ухаан мэдрэлгүй л явсан. Бор миний хувьд манай гэр бүлийг гэрэлтүүлдэг нар нь байлаа. Гэтэл ингээд үгүй болчихлоо. Дотор хоосроод л явчихсан. Намайг цааш хөгжихгүй байвал Бор урам нь хугарах байсан гэж хэлсэн эмээдээ баярлалаа. Энэ нь надад хүнд үед хүч чадал өгсөн. Би бүх ялалтаа түүнд зориулна" хэмээн хөлбөмбөгчин өгүүлж байлаа.
Өндөр төвшинд тоглох Аверын мөрөөдөл 2020 оны зун биеллээ олсон юм. Испанийн Кадис хөлбөмбөгийн клуб түүнийг Данийн "Мидтьюлланн" багаас 1,9 сая еврогоор шилжүүлэн авсан юм. Одоо тэрбээр Кадис клуб, Австралийн шигшээ багийн хагас хамгаалагчаар тоглож байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ