Улаан-Үд хотод шинэ жил тэмдэглэх зардлаас хэмнэсэн мөнгийг цэргийн ажиллагаанд зарцуулна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарласан "цэргийн тусгай ажиллагаа"-д хамгийн олон хүнээ илгээж, мөн хамгийн олон хүнээ алдсан бүгд найрамдах улсуудын нэг Буриадын нийслэл Улаан-Үд хотод зул сар, шинэ жилийн баярыг цомхон тэмдэглэж, хэмнэсэн мөнгийг "цэргийн ажиллагаа"-д зарцуулахаар болжээ.
RuNews24 сайтын мээдэлснээр, Украинд "цэргийн тусгай ажиллагаа" үргэлжилж байгаа, хэсэгчилсэн дайчилгаа явагдсаны дараа Шинэ жил болон Зул сарын баярыг тэмдэглэх хүрээнд Буриадын эрх баригчид олныг хамарсан баяр ёслолын ажиллагаанаас татгалзахаар шийдсэн гэж Улаан-Үд хотын захиргааны тэргүүн Игорь Шутенков мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, Буриадын нийслэлд гол гацуурыг чимэх бөгөөд чимэглэлийн ажилд олон жил ашигласан хуучин тоглоом, гэрэл чимэглэлийг ашиглах гэнэ. Мөн төв талбай дээр байгуулдаг мөсөн хотхоныг энэ жил барихгүй байхаар шийджээ.
Мөсөн баримал, баярын арга хэмжээ, ёслолын буудлага зэрэгт илүү зардал гаргах шаардлагагүй гэж Игорь Шутенков мэдэгдээд, хэмнэсэн мөнгийг Украинд үргэлжилж буй "цэргийн тусгай ажиллагаа"-ны хэрэгцээ болон Донбасст тэргүүн шугаманд байлдаж яваа хүмүүст зарцуулна гэж онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ