Хөгжлийн бэрхшээлтэй хүн анх удаа сансарт ниснэ

Сансарт нисэх бэлтгэлээ эхлүүлж буй сансрын нисэгчдийн шинэ багийн бүрэлдэхүүнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүн багтахаар болжээ. Энэ талаар Европын сансрын агентлаг лхагва гарагт зарлалаа.
Сансрын агентлагийн мэдээлснээр, Британийн иргэн, пара тамирчин, мэс заслын эмч Жон Макфол сансрын нисэгчдийн шинэ багийн бүрэлдэхүүнд багтжээ.
Өдгөө 40 настай Макфол 16 сансрын нисэгчтэй хамтдаа бэлтгэл хийх юм байна. Европын сансрын агентлагийн мэдээлснээр, сансрын хөлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ч хүртээмжтэй орчин бүрдүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг багтаа элсүүлэхээр тусгайлан хайсан гэнэ. Ингээд Макфол хөгжлийн бэрхшээлтэй 257 оролцогчоос сонгогджээ.
Жон Макфол 19 настайдаа мотоциклийн осолд орж, хөлөө тайруулсан байна. Хиймэл хөлтэй болсон тэрбээр спортоор хичээллэж, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын олон улсын уралдаанд гүйлтийн төрөлд оролцон, шагналт байруудыг эзлэж байсан аж. Гүйлтээс гадна унадаг дугай, хаданд авиралтаар хичээллэж, фитнесийн зааварлагчаар ажиллаж байжээ. Макфол Анагаах ухааны их сургууль төгссөн, мэс засалч, гэмтлийн эмчээр ажилладаг, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ