Хятадад дахин хөл хорио тогтоожээ

БНХАУ-ын эрх баригчид тэг ковид бодлогоо үргэлжлүүлж, халдвар илэрсэн бүс нутгуудад хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоон, бүх нийтийг шинжилгээнд хамруулах зэргээр хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.
Коронавирусийн халдварыг хяналтдаа байлгах хатуу арга хэмжээгээ зөөлрүүлж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан ч сүүлийн өдрүүдэд Хятадад халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул дахин олон сая хүнийг хөл хорионд оруулжээ.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, Бээжин хотод хөл хорио тогтоож, хамгаалалтын хувцас өмссөн хүмүүс халдвар илэрсэн зарим дүүргүүдэд төмөр хашаа босгосон байна. Хөл хорио тогтоосон бүсийн оршин суугчид гагцхүү хүнс худалдаж авах, эсвэл эмнэлгийн тусламж авахаар л гэрээсээ гарч болох бөгөөд гэхдээ эрүүл мэндийнх нь талаарх мэдээлэл өгөх QR код уншуулж, шалгуулах ёстой аж.
Түүнчлэн аж үйлдвэрийн хот болох Жэнжоу хотын 6,6 сая оршин суугч пүрэв гарагаас эхлэн гэрээсээ гарах боломжгүй болжээ. Коронавирусийн халдварын давлагаа намжих хүртэл энэ хотод тав хоногийн хөл хорио тогтоосон байна. Гэвч хоёр сарын туршид байнгын хатуу хязгаарлалтад амьдарч байгаа оршин суугчид ээлжит хязгаарлалтад бухимдаж, эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ