Британийн сувилагч нар анх удаа ажил хаяна

Британийн сувилагч нар 100 гаруй жилийн түүхэнд анх удаа ажил хаялтад нэгдэхээр болжээ. Тэд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардан ирэх сард ажил хаяхаар болсон талаар Сувилагч нарын холбооноос авсан эх сурвалжтайгаар Guardian сонин мэдээлсэн байна.
Сонины мэдээлснээр, холбооныхон хэлэлцээ хийх санал тавьсан ч Засгийн газар энэ саналыг хүлээн аваагүй тул 12 дугаар сарын 15, 20-ны өдрүүдэд сувилагч нар орон даяар ажил хаяхаар болжээ. Тэд эсэргүүцэл илэрхийлэн ажил хаясан ч ажилтнуудын шаардлагыг эрх баригчид авч хэлэлцэхгүй бол цаашид ч ажил хаяхыг үгүйсгэхгүй гэж Сувилагч нарын холбоо мэдэгдсэн байна.
Сувилагч нараас гадна Их Британийн гурван яамны төрийн албан хаагчид 12 дугаар сарын дунд үеэс эхлэн нэг сарын хугацаанд ажил хаялт зарлахаар болжээ. Энэ ажил хаялтад Британийн Дотоод хэргийн яам, Тээврийн яам болон Байгаль орчны яамны ажилтнууд нэгдэхээр болсон байна.Тэд мөн л инфляци хурдацтай нэмэгдэж байгаа үед цалин хөлсийг нэмэх шаардлагыг эрх баригчдад хүргүүлжээ.
Британид долдугаар сарын байдлаар инфляцийн албан ёсны үзүүлэлт өнгөрсөн зуунд тогтоосон дээд үзүүлэлтийг давж, жилийн дүнгээр 10,1 хувьд хүрчээ. Зургадугаар сартай харьцуулахад хэрэглээний үнэ 0,7 хувиар өссөн байна. Харин хүнсний инфляци илүү өндөр болсон бөгөөд 12,3 хувьтай гарсан нь 1981 оны гуравдугаар сард тохиосон инфляциас хойших хамгийн өндөр үзүүүлэлт аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ