Даваа гарагт Индонезид хүчтэй газар хөдлөсний улмаас байшин барилга сүйдэж, олон хүн амиа алдсан юм. Байшин барилга сүйрч, нуранганд дарагдсан хүмүүсийг аврах ажил хоёр хоногийн турш үргэлжилсэн бөгөөд таван настай бяцхан хүүг нуранган доороос эсэн мэнд гаргаж чадсан талаар The Guardian мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нуранган доороос аврагдсан хүү ямар ч бэртэл гэмтэлгүй, харин өлссөнөөс болоод бага зэрэг сульдсан байсан гэнэ. Хүү хоёр хоногийн туршид бетон ханануудын хооронд хавчуулагдсан байсан бөгөөд нуран унаж буй хананы цохилтын хүчийг зөөлрүүлсэн матрасны ачаар хүү амьд гарсан байх гэж аврагчид таамагласан байна. Газар хөдлөлт болж, байшин нурсны улмаас хүүгийн ээж амиа алджээ. Ээж нь гамшиг болох үед хүүгээ амжин аюулгүй газар оруулсан байж болзошгүй гэж хэвлэлийнхэн мэдээлсэн байна.
Газар хөдөлсний дараа нурангин дээр 6000 гаруй хүн ажиллаж, амьд үлдсэн байж болзошгүй хүмүүсийг эрэн хайж байгаа аж. Даваа гарагт Ява арал дээр болсон 5,6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 56 000 барилга эвдэрч, 170 барилга сүйджээ. Байгалийн гамшгийн улмаас олон мянган хүн орон гэргүй болж, түр орогнох газарт амьдарч байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |