Тайванийн сонгуульд Хятадын талыг баримтлагч нам ялжээ

Тайваньд бямба гарагт сонгууль болж, энэ сонгуулийн үр дүн Тайвань дахь улс төрийн нөхцөл байдлыг ихээхэн өөрчлөх эхлэлийг тавилаа.. АНУ-тай холбоотон болох сонирхолтой эрх баригч Ардчилсан дэвшилтэт сонгуульд ялагдаж, эх газрын Хятадтай ойртохыг дэмждэг сөрөг хүчний Гоминьданы нам ялалт байгуулсан байна. Эрх баригч намын тэргүүн, Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь намынхаа ялагдалд хариуцлага хүлээн намын даргын суудлаа орхихоор болжээ.
Өнгөрсөн бямба гарагт болсон Тайванийн орон нутгийн сонгууль нь дэлхийн тавцанд Тайвань, Хятадын асуудал Украины сөргөлдөөнтэй зэрэгцэн олны анхаарлын төвд орсон үед зохион байгуулагдсан анхны сонгууль байлаа. Орон нутгийн сонгуульд нам нь ялагдсаны хариуцлагыг Цай Инвэнь өөртөө авч, намын даргын ажлаа орхих болсноо зарласан бол мөн энэ намд харьяалагдах, Тайванийн Ерөнхий сайд Су Жэнь-Чан бүс нутагт тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр төрийн тэргүүнийг солих хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхийг Цай Инвэниэс хүсчээ.
Тайвань улс яг одоо хүндхэн цаг үеийг туулж байгаа юм. БНХАУ энэ улсыг өөртөө нэгтгэх ажлаа эрчимжүүлсэн гэхэд болно. Хэдийгээр Хятадын эрх баригчид Тайванийг тайван замаар нэгтгэнэ хэмээн мэдэгдэж байгаа ч арлын хил рүү цэргээ татаж, удаа дараа өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийж байгаа нь Хятадын арми арал руу цэргийн хүчээр довтлох эрсдэлтэйг илтгэнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. 2021 оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жинпинь мэдэгдэл хийхдээ Тайванийг "ойрын хугацаанд нэгтгэнэ" хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ