Сураггүй байсан хоёр малчныг олж, хоёрыг эрэн хайж байна
2022-11-28

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн малчин сураггүй болсон гэх дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тухайлбал:

 

 

Баян-Өлгий аймгийн Булган сумын Сайхан багийн “Хөх гол” гэдэг газар Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат малчин С нь Булган сумаас Ховд аймгийн Дуут сум руу мал тууж, хүргээд 11.25-ны өдөр морьтой буцаж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.26-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин С /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.27-ны өдрийн 16:00 цагт Булган сумын Сайхан багийн “Сайханы зуслан” гэдэг газар мориноосоо унаад явганаар хээр явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 

 

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Шинэ булаг гэдэг газар малчин Б нь 11.27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад малтайгаа сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан малчин Б-ийнд туслах малчнаар ажилладаг Б /54 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 23:58 цагт Баянцогт сумын Гуна багийн “Шинэ булгийн-Эх” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын III багийн Адгийн бууц гэдэг газар тус аймгийн Өргөн сумын харьяат малчин Б нь 11.27-ны өдрийн 10:00 цагийн орчим мал хариулж яваад малтайгаа сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин Б /41 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 22:40 цагаас зохион байгуулж байна.

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар  тус сумын харьяат малчин А нь 11.27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан малчин А /57 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 11.27-ны өдрийн 22:30 цагаас зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Shuud.mn
Сонин хачин