Столтенберг: Путин өвлийг зэвсэг болгон ашиглахыг оролдож байна
2022-11-28

Өвлийн туршид Украиныг сөхрүүлэх боломжийг Владимир Путинд олгохгүйн тулд НАТО Украинд үзүүлэх тусламжаа нэмэх ёстой гэж НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Weit -д өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр, одоо Путин ялагдлынхаа хариуд "ихээхэн хэрцгий" үйлдэл гаргах гэнэ. Сүүлийн саруудад ОХУ Украины эрчим хүчний систем рүү довтолж байгаа нь Украиныг "өвдөг сөхрүүлэх" гэсэн оролдлого хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

"Путин өвлийг зэвсэг болгон ашиглахаар оролдож байна. Гэхдээ тэр амжилтад хүрч чадахгүй" хэмээн Столтенберг өгүүлжээ.

 

Түүнчлэн, Украин улс байлдааны талбарт амжилттай байхын хэрээр ирэх хэлэлцээрт Украины байр суурь хүчтэй байна гэж НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг онцолсон байна.

 

"Бид Украинд цэргийн дэмжлэг үзүүлвэл хэлэлцээрийн ширээний ардах Украины байр суурийг бэхжүүлж чадна. Энх тайвныг дэмжих шилдэг арга нь Украиныг дэмжих явдал юм" хэмээн Столтенберг цохон тэмдэглэжээ.

 

Үүний зэрэгцээ бүхий л түншүүд Украиныг дэмжиж, тусламжаа нэмэх ёстой хэмээн тэрбээр онцолсон байна. Ингэснээр украинчууд өөрсдийгөө хамгаалах эрхийнхээ төлөө зогсоход нь тусална гэж Столтенберг мэдэгджээ. Энэ утгаараа, тусламжид голлох үүрэг гүйцэтгэж байгаа Герман улсыг Столтенберг онцлоод "Германаас нийлүүлэгдэж байгаа зэвсэг олон хүний амийг аварч байгаа" хэмээсэн байна. 

 

Барууны орнууд Украинд тусламж үзүүлж байгаагийнхаа төлөө тодорхой төлөөс төлж, хүнс, эрчим хүчний үнэ өсөж, айл өрх, иргэдэд хүндхэн нөхцөл үүссэн гэдгийг Столтенберг хүлээн зөвшөөрчээ. Гэсэн ч энэ нь украинчуудын төлөөсийн хажууд юу ч биш хэмээн мэдэгдсэн байна. 

 

"Гэхдээ Украины ард түмэн өдөр бүр цусаараа төлж байгаа гэдгийг бид ойлгох ёстой" хэмээн Столтенберг анхааруулсан байна.

 

Мөн Путин энэ дайнд ялвал цаашдаа зорилгодоо хүрэхийн хүч хэрэглэхээ үргэлжлүүлнэ гэдгийг анхааруулжээ. 

 

"Путин ялвал илүү их дайн, илүү шаналал гарна. Дэлхий ертөнцийг аюултай болгоно. Украин ялах нь бидний ашиг сонирхол" хэмээн НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Оросын арми 11 дүгээр сарын 23-нд Киев болон бусад суурин газруудад ээлжит пуужингийн цохилтоо өгсөн юм. Энэ цохилтын улмаас олон хүн амиа алдаж байгаагийн дээр Украины ихэнх бүс нутаг гэрэл цахилгаангүй амьдрах болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тийм л их тусалмаар байгаа бол Оростой байлдаачээ... Худлаа сүржигнээд байх юм..
2022-11-28
Zuv. Ted uursduu bugdiig zevseg bolgon ashigladag.
2022-11-28
orosoos:
ANU.NATO EUROP tuslahaa bolioch ta nar orostoi Ukrianii ard ni baildaj bna .tyslaagyi bol ali ert dain duusah bsn.
2022-11-28