Ираны шигшээ багийн гишүүн: Биднийг өршөөнө гэж найдаж байна
2022-11-30

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мягмар гарагт Ираны баг АНУ-ын багтай тоглон, хожигдсон юм. Энэ ялагдлын дараа Ираны шигшээ багийн хагас  хамгаалагч Саид Эззатоллахи хөгжөөн дэмжигчдэдээ хандан сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

"Нэн тэргүүнд, өнөөдөр төдийгүй үргэлж биднийг дэмжсээр ирсэн бүх хөгжөөн дэмжчигчдээ талархаж байна. Одоо хэлж чадах цорын ганц зүйл гэвэл надад үнэхээр харамсалтай байна. Бид ДАШТ-ий хоёрдугаар шатанд орж чадсангүй. Гэхдээ хөлбөмбөг болон амьдрал ийм л шүү дээ. Энэ нь бидэнд сайн сургамж болж, цаашид туслах байх. Нэн ялангуяа над шиг залуу тоглогчдод сайн сургамж боллоо. Мөн, манай хөгжөөн дэмжигчид, Иранд байгаа дэмжигчид биднийг өршөөнө гэж найдаж байна" хэмээн Эззатоллахи Globo сонины сурвалжлагчтай ярилцах үеэрээ өгүүлжээ.

 

Ираны баг мягмар гарагт АНУ-ын шигшээ багтай тоглож, 0:1 харьцаатайгаар ялагдсан юм. Үүнээс өмнө Уэльсийн багтай тоглож ялсны дараа Ираны эрх баригчид үндэсний шигшээ багийнхаа ялалтыг тэмдэглэж шоронгоос 700 гаруй хүнийг өршөөн суллаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин