Катар хөгжөөн дэмжигчдийг бэлтгэхэд гурван сар зарцуулж, хоол, байраар хангажээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар болсон Катар улс ихээхэн хөрөнгө мөнгө хаяж тэмцээний бүтээн байгуулалтыг хийсний дээр тэмцээний үеэр үндэснийх нь шигшээ багийг дэмжих хөгжөөн дэмжигчдэд ч онцгой анхаарал хандуулжээ. Тоглолтын үеэр Катарын хөгжөөн дэмжигчид өөр өөр үндэстний төлөөллөөс бүрдсэн, мөн жигд дасгал хөдөлгөөн хийж байсан нь онцгой анхаарал татаж байлаа. Тэд ийнхүү жигдэрсний учир нь тусгай бэлтэглийн үр дүн байж. Хөгжөөн дэмжигчдийг өөр өөр орноос цуглуулан, тусгайлан бэлтгэсэн талаар "Чемпионат" сонины сурвалжлагч Катараас бэлдсэн сурвалжлагад өгүүлжээ.
Аюулгүй байдлаа бодолцон нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хөгжөөн дэмжигч хэрхэн Катарын шигшээгийн шүтэн бишрэгч болсон талаараа сурвалжлагчид ярьсан байна. Тэрбээр ийнхүү ярилцлага өгөхдөө өөрийгөө аль орны иргэн, хаана тогтмол оршин суудаг талаараа ч яриагүй аж.
"Катар улс хөгжөөн дэмжигч болох хүсэлтэй хүмүүсийг Арабын ертөнцийн орнуудаас хайсан. Ингээд хүмүүсээ хайж олон, баг бүрдүүлж, дараа нь биднийг гурван сар сургасан. Бид ийм хугацаанд хэрхэн хөгжөөн дэмжихийг сурсан юм. Бидэнд тоглолтын тасалбар, байрлах байр, хоол, унаагаар хангаж байлаа. Бид бүгдээрээ нэг зочид буудалд амьдардаг, харин 12 дугаар сарын нэгэнд тус тусынхаа оршин суудаг улс оронруугаа буцна" хэмээн хөгжөөн дэмжигч ярьжээ.
Катарын хөгжөөн дэмжигчид тоглолтын үеэр нэг хөтөлбөрөөр олон хөдөлгөөн хийдэг аж. Тэднийг чиглүүлэгч хоёр хүн байх бөгөөд тэд хөгжөөн дэмжигчдийг хэзээ, ямар үйлдэл гаргахыг зааж өгдөг аж. Хөгжөөн дэмжигчид мөр мөрөн дээрээ гараа тавьцгаан хоёр тийш салах, гараа урагш тэнийлгэн "урагшаа" гэсэн дохиог илэрхийлэх, дуу явахаар доороо үсрэх, гараа өргөн дуу дуулах, шүгэлдэх зэрэг үйлдлүүдийг хамтдаа хийдэг гэнэ.
Катарын хөгжөөн дэмжигчид дунд Египет, Ливан, Тунисээс ирсэн хүмүүс багтжээ. "Чемпионат" сонины сурвалжлагч нэг хөгжөөн дэмжигчтэй ярилцах зуур өөр нэгэн нь түүнд хандаж "Битгий бидэнд саад бол, бид хөгжөөн дэмжих ёстой. Бид сурвалжлагчидтай ярьж болохгүй" хэмээн өгүүлэхэд, бусад нь түүнийг дэмжиж байсан гэнэ.
Хөгжөөн дэмжих энэ бүлгийг Aspire хэмээх Катарын академи бүрдүүлсэн гэнэ. Энэ академи 2004 оноос хойш тамирчид, тэр дундаа хөлбөмбөгчдийг бэлтгэсээр иржээ. Aspire академи нь улсын томоохон төсөл бөгөөд төслийн хүрээнд янз бүрийн төвшинд тамирчдыг амжилтад хүргэхийн тулд шигшсэн баг, дасгалжуулагч, эмч, сэтгэлзүйч нарыг дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан аж. Төсөл ч үр дүнгээ өгч, 2019 онд анхны томоохон амжилтад хүрсэн байна. Тухайн үед Aspire академийн 10 тамирчин Азийн аварга болжээ. Харин 2021 оны Токиогийн олимпод мөн л төслийн тамирчин болох Мутаз Баршим өндрийн үсрэлтээр алтан медаль хүртжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ