ДАШТ-д бэлтгэх үеэр олон ажилчин амиа алдсан талаар Катар анх удаа хүлээн зөвшөөрчээ

Катар улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байх үеэр бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан олон ажилчин амиа алдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж, энэ нь олон улсад ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа. Катарын эрх баригчид олон хүн амиа алдсаныг үгүйсгэж байсан. Харин тэмцээнийг зохион байгуулах дээд хороо 500 орчим цагаач амиа алдсан гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Тодруулбал, Хөлбөмбөгийн ДАШТ тэмцээн явуулах спортын болон дэд бүтцийн объектуудыг барих үед 400-500 цагаач ажилчин амиа алдсан гэнэ. Энэ талаар тэмцээн зохион байгуулах дээд хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хасан аль-Тавади Британийн сэтгүүлч Пирс Морганд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
"Амиа алдсан хүний тоо 400-500 орчим" хэмээн тэрбээр мэдэгдсэн бөгөөд нарийвчилсан тоо хэлээгүй байна. Гэхдээ "нэг үхэл ч маш их" хэмээн онцолжээ.
Өмнө нь Катарын эрх баригчид мэдэгдэл хийхдээ, ердөө 40 хүн амиа алдсан, тэдний 37 нь ажилтай холбоогүй нөхцөл байдлын улмаас нас барсан хэмээн онцолж байв. Харин хүний эрхийг хамгаалагчид амиа алдсан хүний тоо хэдэн мянгаар хэмжигдэнэ гэж мэдэгдэж байлаа. Тухайлбал, Эмнести Интернейшнл байгууллага өнгөрсөн жилийн тайландаа Катарт тэмцээн явуулах спортын байгууламж барих ажлын үеэр 6-15 мянган гадаад ажилчин нас барсан хэмээн тусгасан байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ