Зеленский: Оны эцэс гэхэд Оросын армийн бие бүрэлдэхүүний хохирол 100 мянгад хүрнэ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар "цэргийн тусгай ажиллагаа" эхэлж, ОХУ-ын арми хөрш орондоо дайн дэгдээгээд есөн сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Оросын тал асар их хохирол амссан гэж Украин болон барууны орнууд мэдэгдэж байгаа ч Оросын тал хохирлоо багаар үнэлдэг юм. Украин, Оросын сөргөлдөөн ойрын үед шийдэгдэх төлөвгүй байгаа бөгөөд ингэснээр талуудын цэргийн хохирол улам л нэмэгдэнэ. Оросын тухайд гэвэл, энэ оны эцэс гэхэд хохирол нь 100 мянган хүнд хүрнэ гэж Зеленский мэдэгджээ.
"Энэ онд гэхэд л Орос 100 мянган цэргээ алдана, харин хичнээн хөлсний цэргээ алдахыг нь бурхан л мэдэх байх. Харин Украин сөрөн зогссон хэвээр байна. дэлхий ертөнц энэхүү гэмт дайнд буруутай хүн бүр яллагдагчийн сандал дээр суухын төлөө бүхнийг хийнэ" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн тэрбээр фронт дээр нөхцөл байдал нэн хүнд байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Хэдийгээр Оросын арми асар их хохирол амсаж байгаа ч Донецк мужид давших, Луганщинад бэхлэхлт хийхээр оролдсоор байгааг Зеленский онцолжээ.
"Гэлээ ч бид хамгаалсан хэвээр байна. Гол нь дайсанд санаархлаа хэрэгжүүлэх боломж өгөхгүй байх явдал юм. Тэд хавар, зун, намар Донецк мужийг эзлэчихнэ гэж байсан, гэтэл өвөл эхэлж байна. Тэд өдөр бүр олон зуун дайчлагдсан эр, хөлсний цэргээ алдаж байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын сүүл үе хүртэлх хугацаанд Оросын арми 88 мянган цэргээ алдсан байна. Харин Оросын Батлан хамгаалах яам есдүгээр сарын сүүлээр хохирлоо мэдээлэхдээ 6000 хүн амиа алдсан хэмээж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ