Францын дугуйчид хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр 7000 км замыг дугуйгаар туулжээ

Францын дугуйчид үндэсний шигшээ баг нь Катарт хэрхэн тоглохыг харахын тулд 7000 гаруй замыг унадаг дугуйгаар туулж, Доха хотод иржээ. Энэ талаар NTD телевиз мэдээлсэн байна.
Габриеэль Мартин болон Мехди Баламисса нар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр багаа хөгжөөн дэмжихийн тулд Парисаас Доха хот руу 7300 км замыг унадаг дугуйгаар туулжээ. Тэдний аялал гурван сар үргэлжилж, энэ хугацаанд 13 орныг дайран өнгөрсөн байна.
Залуус хоёулаа 26 настай. Өмнө нь ч тэд хол замыг дугуйгаар туулан тэмцээн үзэж байсан туршлагатай гэнэ. Тодруулбал, өнгөрсөн онд тэд хамтдаа UEFA-ийн Үндэсний лигийг үзэхийн тулд Францаас Италийг зорьсон байна.
Энэ удаад Габриель, Мехди нар Парисын "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнгээс аяллаа эхлүүлж, Европыг туулан Туркийг зорьжээ. Дараа нь Кипр, Израиль, Иордан, Саудын Арабараар дайрсан бөгөөд өдөр 115 км зам туулдаг байсан аж.
"Энэ бол солиотой санаа байсан л даа. Гэхдээ бид юунд ч харамсдаггүй төрлийн хүмүүсийн нэг. Бид хоёулаа цагт баригдсан ажил хийдэггүй. Тиймээс л амьдралынхаа гурван сарыг Катар руу явахад зориулахаар шийдсэн" хэмээн Мехди ярьжээ.
Катарыг дугуйтай зорьсон хүмүүс нь ганцхан тэд байсангүй. Тэд замдаа мөн л Катарыг зорьж буй Британи, Холландын хоёр иргэнтэй таарсан гэнэ. Түүнчлэн аяллын сүүлийн өдөр Франц, Катарын дугуйчидтай таарсан аж. Мөн аяллын чиглэл дуусахад дөрвөн километр зам үлдсэн байхад тэдэн дээр Катар дахь Францын элчин сайд ирж нэгдэн, хамтдаа дугуйгаар явжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ