Францын Ерөнхий сайд эрчим хүчээ хэмнэхийг уриалжээ

Энэ өвөл Францын оршин суугчид цахилгаан хангамжид тасалдал үүсэхээс сэргийлэхийн тулд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хэмнэх ёстой гэж тус улсын Ерөнхий сайд үзэж байгаа аж. Түүнчлэн эрчим хүчний хомстолд орохгүйн тулд засгийн газар нь шаардлагатай бүхнийг хийнэ гэж Францын Ерөнхий сайд Элизабет Борн мэдэгджээ.
"Бид хэрэглээгээ танавал цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт тасалдахгүй. Эрчим хүчний хэрэглээгээ бид багасгаж чадвал хүн бүрийн худалдан авах чадварт төдийгүй компаниудын өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлнө" хэмээн Элизабет Борн мэдэгджээ.
Мөн ийнхүү хэмнэлтийн горимд шилжсэнээр цахилгаан эрчим хүчний хомстолоос зайлсхийх боломжтой гэж тэрбээр үзсэн байна.
"Бид олон сарын хугацаанд өвлийн улиралд бэлдсэн, тэр дундаа хийн нөөцөө бүрдүүлж, нийлүүлэлтийн олон эх сурвалжтай болсон. Гэлээ ч бид хэрэглээндээ онцгой анхаарах ёстой" хэмээн Францын Ерөнхий сайд мэдэгджээ.
Өмнө нь Францын Эрчим хүчний аюулгүй байдлын зөвлөл иргэдэд хандан эрчим хүчний хатуу хэмнэлтийн горимд бэлэн байхыг уриалж байлаа. Түүнчлэн 2023 оны нэгдүгээр сард эрчим хүчний дамжуулалтад ноцтой доголдол гарах эрсдэлтэй байгааг анхааруулж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ