Украинд байгаа Оросын цэргүүдэд засал хийлгүүлэхээр Буриадаас бөө, гэр илгээнэ

Оросын цэргүүд эзэлсэн Украины Донецк муж руу Буриадаас гурван гэр илгээхээр болжээ. Эдгээр гэрт Оросын цэргүүд бөөгөөр засал хийлгүүлж, амрах боломжтой гэнэ. Энэхүү санаачилгын гол зорилго нь цэргүүдийн урам зоригийг бадраах, тэднийг дэмжих, эмчлэх явдал гэж Сибирь.реалии сайт мэдээлжээ.
"Хүннүгийн сан"-ийн тэргүүн Олег Булутовын өгүүлснээр, Буриадаас илгээсэн гэрт бөө нар цэргүүдийн сүнс сүлдийг дуудах бол бариач нар цэргүүдийн ууц, нурууг барьж эмчлэх аж. Эдгээр гэрийг чухам хаана барих нь тодорхойгүй, байлдааны ажиллагаа өрнөж буй нутагтай ойр байрлуулах ёстой гэнэ. Гэхдээ үүний зэрэгцээ аюулгүй байршилд барих ёстой гэж зохион байгуулагчид үзэж байгаа бөгөөд үүнийгээ "хүмүүнлэгийн тусламж" хэмээн нэрлэжээ.
Энд дуулгахад, Буриад улс Украинд амиа алдсан цэргүүдийнхээ тоогоор Оросын бүгд найрамдах улсуудын дундаас тэргүүлж байгаа улс юм. ВВС болон Медиазона сайтын мэдээлснээр, 11 дүгээр сарын 18-ны байдлаар Буриадын 340 цэрэг Украины дайнд амиа алджээ.
Буриад цэргүүд рүү гэр илгээхээр болсон "Хүннүгийн сан" түүхэн өвийг сэргээх сан бөгөөд 2002 онд Улаан-Үдэд байгуулагджээ. Сангийн тэргүүн болох Олег Булутов 1996-2003 оны хооронд "Иргэдийн нэгдэл" бүс нутгийн хөдөлгөөнийг тэргүүлж байв. Мөн 2011 онд "хүннүчүүдийн хотыг байгуулна" хэмээн төлөвлөж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ