ВИДЕО: Мурманскад туйлын шөнө эхэлжээ
Оросын Мурманск мужид туйлын шөнө эхэлжээ. Туйлын шөнө эхэлсэнтэй холбоотойгоор дунд сургуулиудын хичээллэх цагийг өөрчилж, онцгой дэглэм тогтоосон байна. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны 12 дугаар сарын нэгнээс 2023 оны гуравдугаар сарын нэгнийг дуустал Мурманск мужийн бүхий л дунд сургуулиудын хичээллэх цагт өөрчлөлт оруулан, эхний ээлжийг 09.30 цагаас эхлэн оруулахаар болжээ. Түүнчлэн хичээллэх цагийг багасгаж, эрт тарахаар зохицуулжээ.
Үүний зэрэгцээ 1-7 дугаар ангийн сурагчдад амралтын өдрүүдэд гэрийн даалгавар өгөхгүй, харин ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаврыг хөнгөвчлөх гэнэ. Мөн хоёрдугаар сард улирлын амралтыг эхлүүлэхээр болжээ.
Мурманск мужид туйлын шөнө 12 дугаар сарын нэгний өдөр эхэлсэн бөгөөд 40 хоног үргэлжлэх аж.
Туйлын шөнө гэж юу вэ?
Нар 24 цагаас дээш хугацаагаар мандахгүй байх үеийг "туйлын шөнө" гэдэг. Хамгийн богино туйлын шөнө Умард туйлын цагаригт хоёр хоног орчим болдог бол Өмнөд туйлд туйлын шөнө зургаан сар орчим үргэлжилдгээрээ хамгийн уртад тооцогдоно.
Туйлын шөнө гэхээр 24 цагийн туршид түнэр харанхуй байна гэсэн үг биш. Гол нь туйлын шөнө тохиосон үед нар өдрийн ихэнх хугацаанд тэнгэрийн хаяанаас болж харагдахгүй байхыг хэлэх бөгөөд өдрийн тал хэсэгт нь бүрэнхий ноёлдог аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ