
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг 1912 онд “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг ирэх сарын 9-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энхүү түүхэн ойг Улаанбаатарын соёлын суурь болсон чухал үе гэж үзэн иргэдэд энэ талын мэдээллийг олгох, иргэдээ соёлжуулах тал дээр түлхүү анхаарна гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Ойн хүрээнд хоёрдугаар сарын 06-наас эхлэн “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт гэрэл зургийн болон Архивын түүхэн баримт бичиг, үзмэрүүдийн үзэсгэлэн гаргах, Зүүн хүрээ-Дашчойлон хийдтэй хамтран ном хуруулах, Нийслэл хүрээний сэдэвт жүжиг тавих, “Нийслэл хүрээ-100 жил” эрдэм шинжилгээний хурал зэрэг урлаг соёлын олон ажлыг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн нийслэл хотын иргэн гэж ямар хүн байх, ахуйн ямар соёлд суралцсан байх, харилцааны наад захын ямар соёлтой байх зэргээр иргэдээ соёлжуулах “Хүрээ соёл” аяныг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн бүтэн жилийн турш өрнүүлэх юм байна.
100 жилийн ойн өдөр нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд нийслэлийн түүхээр хичээл заах аж. Мөн нийслэлийн түүхээ иргэд, хүүхэд, залууст өргөнөөр таниулах, сурталчлах үүднээс зохион бичлэг, эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулахаар болжээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ