Ройтерс: Балтийн орнууд Оросоос хий худалдан авч Украинд зарсан
2023-01-27

Оросын экспортлогчид 2022 онд Балтийн орнууд руу нийлүүлсэн шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хийн борлуулалт хоёр дахин өссөн, үүнээс заримыг Балтийн орнууд Украинд зарсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын хий Латвийн нийт импортолсон хийн 90 хувийг давсан бол Латви, Литва, Эстонид худалдсан шингэрүүлсэн хийн нийт хэмжээ 2021 онд 159 мянган тонн байсан бол 2022 онд 351 мянган тонн болон нэмэгдсэн байна. Украин Оросын түлшийг Балтийн орнуудаас худалдан авах болсон шалтгаан нь үнэтэй холбоотой, Польш, Румыний санал болгож байгаа үнэтэй харьцуулахад Балтийн орнуудаас авах үнэ тонн тутамдаа 150-200 ам.доллараар хямд байдаг гэж шинжээч онцолжээ.

 

Шингэрүүлсэн нүүрс устөрөгчийн хийг автомашины түлш, халаалт болон газрын тос, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг юм. Энэ нь шингэрүүлсэн байгалийн хийгээс өөр, Оросын энэ төрлийн бүтээгдэхүүн хоригт багтаагүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин