
МАН-ын зүгээс өнөөдөр орон гарсан сайд нарын томилгоог хийж дуусгахаар төлөвлөжээ.
Үдээс өмнө хуралдах байнгын хороодын хурлаар Тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Цогтбаатарыг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Дашдоржийг, Эрүүл мэндийн сайдаар Н.Хүрэлбаатарыг томилуулах асуудлыг хэлэлцүүлэх гэж байна.
Харин Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр, Сангийн сайдад нэр дэвшсэн Д.Хаянхярваа нарыг өчигдөр байнгын хороогоор дэмжсэн юм. УИХ-ын дарга сайд нарын нэрийг хүлээн аваад шуурхай хэлэлцэж шийдэх болно гэсэн үгэндээ хүрч байгаа бололтой.
Байнгын хороодоор шинэ сайд нарын асуудлыг хэлэлцсэний дараа чуулганы ээлжит бус хуралдаан хуралдуулж эцэслэн батлахаар төлөвлөжээ. Өчигдөр хуралдсан АН-ын бүлэг харин сайд нарыг томилох эсэх асуудалд оролцохгүй гэдгээ хэлээд байгаа. Тэд УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүнээр ажиллахыг дэмжихгүй гэж шийдсэн.
Гэвч олонхийн саналаар батлагдах болохоор бүлгийн шийдвэр үнсэнд хаясан шалз шиг болчих гээд байна. Тэгэхээр АН-ынхан чуулганы хуралдаанаас завсарлага авах эцсийн найдвар үлдсэн. Ийм аргаар бойкотлохгүй бол Ерөнхийлөгч ганцаардахгээд байна гэсэн саналыг бүлгийнхээ хуралдаанаар нэлээд хэлэлцсэн байна.
Бүлэг завсарлага авсан тохиолдолд чуулганаар ямар нэг асуудал хэлэлцэж шийдвэр гаргах боломжгүй болно. Ингэж сөрөг хүчин гэдгээ харуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай гишүүн тус бүлэгт олон байгаа. МАН-ын дангаар байгуулах Засгийн газрын зургаан сайд парламентын босгон дээр ирээд хуучин хамтрагч асан АН гэх хад мөргөх болж байна.
Харин Ерөнхий сайдын "хамтарсан Засгийнгазрын мөрийн хөтөлбөрийг шинээр бүрдэх Засгийн газар хийж дуусгана. Хамтрагч байсан АН-ынхан дэмжиж ажиллахгүй бол муухай шүү" гэсэн үгийн утга учир энд алдагдах болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ