О.Баасанхүү: Ардчилсан нийгэмд ёс суртахууны шинжтэй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлэгдэггүй

img

 Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэн, ял өгөх асуудал нэлээдгүй шуугиан тарьж байгаа билээ.  Шүүхээс сэтгүүлчийг нийтэлсэн мэдээллээ нотлохыг шаарддаг.  Хэвлэн нийтэлснийнхээ төлөө ял сонсч буй нь ардчилсан нийгэмд хэр шударга шүүхийн шийдвэр эсэх  талаар хуульч, өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцлаа  -Эрүүгийн хэрэгт татагдсан сэтгүүлчид эрх зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгчийн хувьд таниас асуухад  Монголд хэвлэлийн эрх чөлөө хэр зэрэг түвшинд хангагдсан бэ? -Ярилцах буландаа урьж оруулсанд баярлалаа. Эрх зүйн утгаараа хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь “Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл ашиглан, мэдээлэлийг олон түмэнд түгээх эрх чөлөө” гэж ойлгодог. Тэгэхээр мэдээллийг олон түмэнд түгээх, мөн мэдээллийг олон түмэн авахын тулд тухайн улсын Үндсэн хууль болон бусад хуульд энэхүү эрх чөлөөг хэрхэн зохицуулсан байдлаас нь шалтгаалж  хэвлэлийн эрх чөлөө хангагдсан эсэхийг үнэлж үздэг юм. Манай орны хувьд  ардчилал бий болоод хориод жил болсон гэх утгаараа   хууль тогтоомжийг олон улсын түвшинд нийцүүлэх хандлага нь харьцангуй гайгүй. Харин хуулийн байгууллагын ажилчдын эрхзүйн ухамсар дорой, тэд хүний эрхийг ойлгодоггүй байдлаас шалтгаалж хэвлэлийн эрх чөлөөг зөрчих хандлага нэлээдгүй өргөн байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийг эрхлэн буй хүмүүсийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийг дан ганц бизнесийн хэрэгсэл талаас нь харж, хараат бус байдлыг  алдагдуулсан тал бас бий -Сэтгүүлчийн хувьд  би заримдаа төрийн зарим албан тушаалтны шаардсанаар тайлбар өгөх шаардлага гардаг. Ер нь төрийн байгууллагын зүгээс сэтгүүлчийн гаргасан мэдээлэлийнх нь төлөө нотолгоо шаардаж, асууж байцаах  нь хууль зүйн үндэслэлтэй юм уу? - Монголд хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж казиног хориглох тухай хуулийн дараа орох хамгийн богинохон заалттай хууль бий. Тэр хуульд мэдээллийн бодит үнэнийг нотлох үүргийг мэдээллийн хэрэгсэл  өөрөө хариуцах ёстой  гэж заасан. Энэхүү хуулийн заалт нь зарим нэгэн хүний  дураар аашлах хандлагыг өөгшүүлсэн гэж үзэж болно. Эрхзүйн үндсэн зарчимаар бол аливаа хуулийн дээр  Үндсэн хуулийг тавих ёстой, хэрэв Үндсэн хууль хүний эрхийн хувьд зөрчилтэй гэж үзвэл олон улсын хүний эрхийн гэрээг барих ёстой . Иргэний болон улс төрийн пактын 19-р зүйлийн 2-т “Хүн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхүл уран сайхны хэлбэрээр, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг багтаана” гэж заасан. Тэгэхээр сэтгүүлчийн гаргасан мэдээлэл түгээж буй илэрхийлэл нь нэг талаасаа санал бодлоо чөлөөтэй илэрхийлж буй илэрхийлэл, нөгөө талаасаа бусдаас олгогдсон итгэмжлэлийн хүрээнд эх сурвалжаа хамгаалах үүргийг хүлээж, олон түмэнд мэдээллийг хүргэж   буй арга хэрэгсэл юм. Гэтэл сэтгүүлчийг мэдээллийн бодит байдлыг нотол, эх сурвалжаа хэл гэж шаардаж байгаа явдал  бол  Монгол улсын үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн заалтуудыг зөрчсөн үйлдэл юм. Ер нь иймэрхүү хавчилга хийж буй этгээдүүдийн цаад талын шалтгаан нь ихэвчлэн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн байдаг учраас  хуулийн арга хэрэгсэл ашиглан, тухайн сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийх, далд зорилго агуулж байна гэж хардахаас өөр аргагүй, энэ ч нууц биш юм. -Сэтгүүлчдэд ихэвчлэн эрүүгийн хуулийн 111-р зүйлчлэн ял өгдөг. Энэ гүтгэсэн, нэр төрд халдсан гэсэн зүйл ангиар ял өгөх нь бодит байдалд нийцэх үү. Хуульч хүнийнхээ хувьд тайлбар хийгээч? - Худал мэдээлэл тараах, гүтгэх гэсэн тусдаа хоёр ойлголт бий. Худал мэдээлэл тараасны төлөө эрүүгийн хариуцлага үүрүүлэх ёсгүй. Ардчилсан нийгэмд ёс суртахууны шинжтэй үйлдэлд эрүүгийн хариуцлага үүрүүлдэггүй бөгөөд зөвхөн материалаг байдлаар хохирол учирсан тохиолдолд, тухайн хохирлын байдлаас шалтгаалан эрүүгийн хариуцлага яригддаг. Эрүүгийн хуулийн 111 гэсэн зүйчлэл нь сэтгүүлчийн хууль бус үйл ажиллагааг зохицуулсан эрүүгийн хуулийн зохицуулалт гэж шууд ойлгох нь буруу. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийн хийж буй үйлдлийн үндсэн зорилго нь тухайн гаргасан мэдээлэлд хувийн сонирхлоор хандахаасаа илүү олон түмэнд мэдээллийг хүргэхэд чиглэдэг учраас сэтгүүлчийн гаргасан мэдээллийг шууд гүтгэх зорилготой байсан гэж дүгнэх бололцоо бараг байхгүй юм.  - Сэтгүүлч Уянга, Баатархуяг мөн ТВ9-ийн сэтгүүлч нарт эрүүгийн хэрэг үүсгэн, зарим нэг нь шүүхээс ял авсан байгаа. Та хуульч хүний хувьд эдгээр үйлдэлд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгч байгаа вэ? -Би өмгөөлөгчийн хувьд таны дээр дурьдсан бүх асуудал дээр шууд дүгнэлт өгөх боломжгүй юм. Учир нь эрүүгийн хэргийн хувьд өөр хорондоо ялгаатай бөгөөд үүсгэсэн болон шалгасан үндэслэлүүд нь өөр өөр . Жишээлбэл ТВ9-ийн хувьд гэхэд цагдаагийн хошууч Р.Отгонжаргал гэгч хүн Сүхбаатар дүүргийн цагдаад өргөдөл гаргасан юм билээ. Өргөдлийн ерөнхий санаа нь ажлаа тайван хиймээр байна гэсэн утгатай. Өргөдлийг нь цагдаагийн байгууллага хүлээн аваад  хошуучийг хохирогчоор тогтоон, цагдаагийн ахмад хошуучаас байцаалт авч байгаа бөгөөд ТВ9 болон бусад хэвлэл мэдээллийг тэд нарийвчлан шалгаж байгаа юм. Ер нь бол Монголд эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт бүрэн дуустал өмгөөлөгчийн ажиллах бололцоо, хүрээ муу. Заримдаа мөрдөн байцаалтын дундуур болон мөрдөн байцаалт дууссаны дараа өмгөөлөгчөөс түрүүлээд прокурор, цагдаагийнхан нотлогдсон гэх мэдээллийг олон түмэнд өгчихсөн байдаг. Хэн ч байсан шүүхийн эцсийн шийдвэр гараагүй бол гэм буруутай биш, мөн нотлогдсон гэж үзэхгүй. Таны асуусан сэтгүүлчдийн хэн нь ч одоогоор шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа тул би бүгдийг нь гэм буруугүй гэж ойлгож байгаа. -Хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахын тулд нэн тэргүүнд хийх ёстой зүйл юу байж болох вэ?  - Мэдээж  маш олон зүйлүүдийг ойрын үед шийдвэрлэх шаардлагатай байна. сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс олон улсын хүний эрхийн байгууллага болон сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллагад хандан олон улсын шинжээчдийг дуудан, хэвлэлийн эрх чөлөөний талаар дүгнэлт гаргуулах  шаардлагатай гэж би боддог. Мөн  Редакцийн хараат бус байдлыг хангах зорилгоор хөрөнгө оруулагч, редакцийн хооронд хараат бус байдлын тухай гэрээ байгуулах ёстой бөгөөд энэхүү гэрээг хуульчлан өгөх шаардлагатай юм. Мөн эрүүгийн хуульд хэвлэл мэдээлэлд гарсан гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд  заавал эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой хэмээн зааж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол сэтгүүлчид гэмт хэргийн шинжтэй байж болох мэдээллийг олон түмэнд өгснөөр өөрсддөө илүү их эрсдлийг үүрч  байна. Эцэст нь хэлэхэд бид чинь сэтгүүлч Ерөнхийлөгчтэй учраас, Ерөнхийлөгчийг мөрдөн мөшгилт, хавчин гадуурхалтын эсрэг зогсохыг шаардах нь зөв болов уу.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

medeelegch:
МАН болон АН-д: Монгол ардын “Шударга ёс” бүлгийн зөвлөмж http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-25