Хамбург хотын сүмд болсон халдлагын улмаас долоон хүн амиа алджээ
2023-03-10

Гуравдугаар сарын есний өдөр Хамбург дахь "Иеховийн гэрчүүд" шашны байгууллагын нэгэн сүмд галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, найман хүн шархадсан аж. Энэ хэрэг орон нутгийн цагаар 21:00 цагт болсон бөгөөд гэмт хэрэгтний хэрэг үйлдэх болсон сэдлийн талаар одоогоор тодорхойгүй гэж цагдаагийн байгууллага мэдэгджээ. Хэрэг гарсны дараа тухайн дүүрэгт өргөн цар хүрээтэй эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн тул гэмт хэрэг болсон дүүргийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байх, сүлжээнд ачаалал үүсгэхгүйн тулд нэн шаардлагатай үед л гар утас ашиглахыг зөвлөсөн байна. 

 

Үүнээс хэсэг хугацааны дараа цагдаагийн албан ёсны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ, халдлага үйлдсэн этгээд эсвэл бүлэг этгээдүүд гэмт хэргийн газраас зугтсан гэх нотлогоо цагдаагийнханд байхгүй хэмээн онцолжээ. Гэмт хэрэгтэн амиа алдсан хүмүүсийн дунд ч байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа аж. Учир нь хэргийн газар цагдаагийнхан ирэхэд сүмд дахин нэг буун дуу гарсан бөгөөд үүний дараа сүмийн дээд давхраас "амь насанд аюултайгаар шархадсан" хүн олсон нь гэмт хэрэгтэн байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин