ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Валерий Герасимов АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга Марк Миллитэй утсаар ярилцжээ.
Энэ талаар Оросын Батлан хамгаалах яам мэдээлсэн ч хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хар тэнгис дээр болсон Америкийн дронтой холбоотой үйл явдлыг хэлэлцсэн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нарын утасны ярианы үргэлжлэл болгон штабын дарга нар утсаар хэлэлцээ хийсэн гэж мэдээлжээ.
АНУ-ын тал ч ийнхүү утсаар хэлэлцээ хийснийг баталсан ч мөн л дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Энд дуулгахад, гуравдугаар сарын 14-ний өдөр Хар тэнгис дээгүүр нисэж явсан Америкийн тагнуулын дрон Оросын сөнөөгч онгоцтой шүргэлцэж, улмаар Америкийн цэргийнхэн дроноо устгахаас аргагүй болсон юм. Тодруулбал, Оросын Су-27 сөнөөгч онгоц Хар тэнгис дээгүүр нисэх үеэрээ Америкийн тагнуулын нисэгчгүй нисэх аппарат болох MQ-9 Reaper-ийг гэмтээж, улмаар Америкийн цэргийнхэн дроныг устгаж, тэнгист живүүлэх шаардлагатай болсон гэж Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлал гуравдугаар сарын 14-нд мэдэгдсэн.
Америкийн талын мэдээлснээр, гуравдугаар сарын 14-ний өдөр, Төв Европын цагаар 07:03 цагийн орчимд Оросын нэг Су-27 онгоц Америкийн дроныг шүргэсний улмаас Америкийн цэргүүд дроныг устгаж, живүүлэхээс аргагүй болсон аж. Ийнхүү мөргөлдөхөөс өмнө Оросын онгоцууд MQ-9 рүү хэдэнтээ түлш цацаж, дрон дээгүүр "байж болшгүй, экологид аюултай, мэргэжлийн бус байдлаар" нисэж өнгөрсөн гэж Америкийн тал онцолж байлаа.Түүнчлэн, тагнуулын дрон нь хууль ёсны дагуу ажиллагаа гүйцэтгэж байсан гэж Европ дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгдсэн. Мөн энэхүү үйл явдал нь "Олон улсын агаарын орон зай, тэр дундаа Хар тэнгис дээгүүр Оросын нисэгчид АНУ болон холбоотнуудын онгоцтой таарсан нөхцөлд аюултай үйлдэл гаргадгийн дахин нэг жишээ" хэмээн онцолсон байна. Энэ үйл явдал нь Оростой хэлэлцэх ёстой ноцтой тохиолдол хэмээн цохон тэмдэглэж байлаа.
Харин энэ үйл явдалд Оросын тал Америкийг "буруутгаж" байв. Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр АНУ-ын дрон "огцом маневр хийсний улмаас өндрөө алдаж, жолоодлогогүй болсны улмаас усны гадаргууг мөргөсөн" гэж мэдэгдсэн юм. "Оросын сөнөөгч онгоцууд хөлгийн зэвсэглэл ашиглаагүй, нисэгчгүй нисэх аппараттай шүргэлцээгүй, баазын нисэх буудалдаа амжилттай газардсан" гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлж байв.
Г.Бямбасүрэн